Зуны Тэргүүн сарын Шинийн 15 буюу Бурхан багшийн Их дүйчин өдөр МБОИЗ-ийн гишүүд, дэмжигчид 10 жилийн ойгоороо өөрийн нэрэмжит болгон мод тарьж шавыг нь тавьсан МБОИЗ-ийн “Ногоон төгөл”-дөө модоо тарилаа.

      Мод тарих ажилд 40 гаруй хүн оролцож бургас, улиас, хайлаас, монос, голт бор зэрэг 5 төрлийн 108 мод тарьж суулгав. Мөн МБОИЗ-ийн гишүүн “Монгол зан үйлийн уламжлалт өргөө” ТББ-ын Тэргүүн, лам Сүхбат гишүүдийн хамтаар ирж Дөрвөн уулын сан, Хийморийн сан, Лусын сан зэрэг ном хурж, Цагаан өвгөн цам бүжлээ. Цагаан өвгөний нэрийг түвдээр “Цэрэндүг” хэмээнэ. Монголоор “Зургаан урт настан” хэмээн хөрвүүлэх ба “Мөнх сүндэрлэх уул, мөнхөд урсах рашаан, мөнхөд наслах хүн, мөнхөд наслах гөрөөс, мөнхөд наслах шувуу, мөнхөд наслах мод” хэмээх 6 зүйлийг бэлгэддэг. Энэ 6 зүйл нь Аюуш бурханы адис хүчээр урт наслах шидийг олсон бөгөөд Цэрэндүгийг залж тахисан газар оронд урт нас, аз жаргал, энх амгалан оршин тогтдог гэж бэлгэддэг.

     Ногоон төгөлд тарьсан моднуудаа байнга арчилж, тордож, усалж, ургуулж буй О.Наранцогт Тэргүүнтэй “Уст туулын төгөл” ТББ-ын хамт олон болон ХУД-ийн 9-р хорооны иргэддээ талархсанаа илэрхийлье.