Байгаль орчин, аялал жуулчны яам санаачилан ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТ” ҮНДЭСНИЙ ЧУУЛГАНЫГ 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод  зохион байгуулав.

Чуулганд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Эрүүл мэндийн яам, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, нийслэлийн Захирагчийн ажлын алба, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа болон усны сав газрын захиргаад,  төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудын 300 гаруй төлөөлөгчид оролцов.

Үндэсний чуулганаас доорхи зөвлөмжийг гаргав.Үүнд:

  1. Монгол Улсын Засгийн газарт:
  • Аюултай хог хаягдлын байгууламжийг байгуулах газрыг улсын тусгай хэрэгцээнд авах асуудлыг яаралтай шийдвэрлэх;
  • Үйлдвэрлэгч, импортлогчийн өргөтгөсөн хариуцлагын тогтолцоог бий болгох эрх зүйн орчныг бүрдүүлэх;
  • Хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулах, эрх зүйн орчныг бүрдүүлэх, хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрлэлийг урт хугацааны санхүү, зээл, татварын бодлогоор дэмжих.
  1. Төрийн захиргааны төв байгууллагуудад:
  • Зам, тээвэр, барилга, хот байгуулалт, эрүүл мэнд, уул уурхай, батлан хамгаалах салбарын хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, ангилах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах журам, стандартыг батлуулан, үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах;
  • Хог хаягдлыг дахин ашиглах, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;
  • Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол, мэргэжлийн боловсрол, дээд боловсролын сургалтын хөтөлбөрт хог хаягдлын талаархи боловсролын агуулгыг тусгах;
  • Хог хаягдлын чиглэлээр мэргэшсэн боловсон хүчнийг бэлтгэх;
  1. Нутгийн өөрөө удирдах болон төрийн захиргааны байгууллагад:
  • Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг Хог хаягдлын тухай хуульд заасны дагуу нэг иргэнээр тооцон шинэчлэн батлах ажлыг яаралтай зохион байгуулах;
  • Нийтийн эдэлбэр газрын хог хаягдлыг цэвэрлэх, энгийн хог хаягдлыг булшлах зардлын нэгж тарифыг батлах;
  • Энгийн хог хаягдлыг цуглуулж, тээвэрлэх зардлын нэгж тарифыг батлах;
  • Аймаг, нийслэлийн төвлөрсөн хогийн цэгийг хуульд заасны дагуу 1, 2 дугаар зэрэглэлд шилжүүлэх ажлыг яаралтай эхлүүлэх;
  • Энгийн болон аюултай хог хаягдлын талаар иргэд олон нийтэд үнэн, зөв мэдээллийг хүргэх ажлыг  тухай нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулах;
  • Нутаг дэвсгэрийн хэмжээнд аюултай хог хаягдлыг түр хадгалах, цуглуулах, тээвэрлэх, хадгалах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаанд хяналт тавих;
  • Хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор ангилан ялгах, дахивар нөөц цуглуулах, дахин ашиглах, дахин боловсруулах, сэргээн ашиглах үйл ажиллагааг зохион байгуулж, санхүүгийн дэмжлэг үзүүлэх;
  • Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгах, хог хаягдлыг бууруулах, эдийн засгийн эргэлтэд оруулах санал санаачилга гаргах, зохион байгуулах үүрэг бүхий орон тооны бус иргэдийн бүлэг байгуулж ажиллуулах;
  • Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 445 дугаар тушаалаар батлагдсан “Энгийн хог хаягдлын төвлөрсөн цэг байгуулах, үйл ажиллагаа явуулах, хаах аргачилсан заавар”-ын дагуу усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсийн заагийг тэмдэгжүүлж, бүсийн дэглэмийн хэрэгжилтийг хангаж ажиллах;
  • Хог хаягдлын талаар төрөөс баримтлах бодлогын хэрэгжилтийг нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулж, энэ чиглэлээр, цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагааг эрчимжүүлэх;
  • Байгаль орчны статистик тайлан мэдээгзөв гарган тогтоосон хугацаанд гаргаж байгаль орчны асуудал эрхлэсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж байх;
  • Хог хаягдлын менежментийн чиглэлээр мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх, мэргэшүүлэх давтан сургалтанд тогтмол хамруулах;
  1. Хувийн хэвшил болон төрийн бус байгууллагад:
  • Байгаль орчинд ээлтэй техник технологийг судлан нэвтрүүлэх;
  • Байгаль орчны салбарын мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх, мэргэшүүлэх сургалтанд тогтмол хамруулах;
  • Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгах, хог хаягдлыг бууруулах, эдийн засгийн эргэлтэд оруулах санал санаачилга гарган ажиллах;
  • Энгийн болон аюултай хог хаягдлын талаар иргэд олон нийтэд үнэн, зөв мэдээлэл хүргэх.
  1. Олон улсын байгууллагад:
  • Хог хаягдлын менежментийн талаар олон улсын сайн туршлага, арга зүйг дэлгэрүүлэх, байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологи нэвтрүүлэх чиглэлээр дэмжлэг туслалцаа үзүүлэх, жишиг төсөл хэрэгжүүлэх.

Байгаль орчныг хамгаалах ариун үйлсэд хийж гүйцэтгэсэн ажлын ололт  амжилт, туршлага, үр өгөөж нь талуудын цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг нээх болно.

ХОГГҮЙ ЦЭВЭР ОРЧНЫГ БИЙ БОЛГОХ үйлсэд хамтдаа хүчин  зүтгэхийг Та бүхэндээ уриалж байна.

ҮНДЭСНИЙ  ЧУУЛГАНЫ ТӨЛӨӨЛӨГЧИД

       Улаанбаатар хот

                                       2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр