Монгол Улсын Ерөнхийлөгч ус, цөлжилтийн асуудлаарх хэлэлцүүлэгт оролцож, хаалтын үг хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга усны бодлого, засаглалыг үндэсний аюулгүй байдлын түвшинд авч үзэх хэрэгтэй гэж үзэж байгаа бөгөөд хэлэлцүүлгийн дүнд гарсан зөвлөмжийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцэн, хууль эрх зүйн хүрээнд Засгийн газар, УИХ-д чиглэл хүргүүлж, хэрэгжилтийг хангуулж ажиллана гэдгээ хэлэлцүүлгийн төгсгөлд хэллээ. Энэ нь зөвлөгөөнөөс гарсан хамгийн чухал үр дүн гэж Монгол Улсын Ерөнхийлөгч дүгнэж байна.

Мөн хэлэлцүүлэгт оролцохоор ирсэн эрдэмтэн мэргэд, иргэд өөрсдийн санаа бодлыг хуваалцаж, зарим асуудлыг дэвшүүлэв.

Усны ахмад инженер Д.Чандмань: Энэ хэлэлцүүлэгт оролцохын тулд Өмнөговь аймгаас зорьж ирлээ. Ус бол улсын хөгжлийн, стратегийн гол асуудал юм. Төрийн гурван өндөрлөг усны засаглал, менежментийн асуудалд анхаарч байгаад талархаж байна. 1971 онд Усны аж ахуйн яам байгуулагдаж, төрийн бодлого цэгцэрч байсан. Бэлчээр усжуулалт 70 орчим хувьд хүрч, услалтын систем, анхны цөөрмүүд байгуулагдаж байсан. Энэ үед эдийн засаг болон ДНБ нэмэгдсэн үзүүлэлт гарч байсан. Гэвч, 1988 оноос хойш энэ асуудал орхигдсон тул эргээд усыг стратегийн гол цөм болгох ёстой. Би усны салбарт 39 жил ажилласан. Энэ туршлагадаа тулгуурлан Усны үндэсний хороог Ерөнхийлөгчийн дэргэд байгуулах тухай асуудлыг бүрэн дэмжиж байна. Энэ бол нэг номерын асуудал. Хоёрдугаарт, усны агентлаг байгуулах асуудлыг нэгэнт ярьж эхэлсэн тул салбар дундын зохицуулалт хийхийн тулд Засгийн газрын дэргэд тохируулагч агентлаг болгон байгуулах хэрэгтэй гэж үзэж байна.

Монгол Улсын зөвлөх инженер Ш.Баранчулуун: Манай улсын эдийн засгийн өсөлттэй үеүд нь Усны аж ахуйн яамтай юм уу, эсвэл усны агентлагтай байх үетэй яв цав давхацдаг. Энэ бол тохиолдлын бус зүйл юм. Учир нь, эдийн засгийн гол хөдөлгөгч хүч нь усны салбар байдаг юм шүү. Шинээр байгуулагдах гэж байгаа агентлагийг Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд байлгавал нэн оновчтой болно. Учир нь, өнөөдөр усны асуудлыг 11 яам, 26 төрийн байгууллагад хуваан, тарамдсан байдаг. Нэгдсэн удирдлагаар хангахын тулд Ерөнхий сайдын түвшинд ажиллах ёстой. Мөн Усны тухай хуульд усны үүсгэмэл нөөц гэсэн нэр томьёог оруулах ёстой. Хүний хүчээр бий болгох усны нөөцийг зохицуулах шаардлагатай гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, усны үүсгэмэл нөөц бий болгох хөшүүргийг хуульд оруулах шаардлагатай.

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын иргэн А.Буддорж: Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас урагш 25 км, орон нутгийн Тавантолгой компаниас урагш 3 км газарт нийт 4 нүүрс угаах үйлдвэрийг хятадууд барьж байгаа. Бид говийн усаар нүүрс угаахыг эсэргүүцэж байна. Зөвшөөрлийг Өмнөговь аймгийн удирдлагууд олгосон. Энэ асуудлыг шийдэх шаардлагатай байна. Мөн бид гүний усгүй болж байна. Гадаргын ус гэж байсан нь байхгүй болж гол, ус, горхи нь ширгэсэн. 10 жилийн өмнө 2000 мал усалдаг байсан газарт чөдөрийн 2 морь услах нь байтугай ширгэсэн тул Үндэсний аюулгүй байдлын зөвлөл анхааралдаа авна уу.

Архангай аймгийн иргэн Б.Банзрагч: Архангай аймагт мөн уул, уурхайтай холбоотой усны асуудал үүссэн. Манай аймгийн Цэнхэр суманд Орхоны алтны уурхай гэж бий. Урт нэртэй хууль, Усны тухай хууль, Байгаль орчны тухай гээд олон хууль байдаг ч төдийлэн хэрэгжихгүй байна. Шар ус тунарч Орхоны улаан цутгалан руу нийлж байна. Мөн усны асуудлаар соён гэгээрлийн ажил хэрэгжүүлж өгөөч. Ганцхан хүүхдэд усны асуудал, хэрэглээг ярьж хэлэхээс илүүтэй, харж хүмүүждэг хүмүүсийг нь соён гэгээрүүлэх хэрэгтэй байна.

Байлгаль орчны чиглэлийн өмгөөлөгч С.Заяадэлгэр: Монгол Улсын номер нэг асуудал болох усны асуудлыг хэлэлцэж байгаад баяртай байна. Монгол Улсад усыг бохирдуулдаг биш хамгаалдаг үзэл санааг дэлгэрүүлэх ажлыг эхлүүлэх хэрэгтэй. Нэгдүгээрт, экологийн бүс тогтоох асуудлыг эргэн харах ёстой. Дэлхий даяар уул, уурхай болон уул уурхайгүй буюу экологийн бүс гэсэн нэршил бий. АНУ-аар жишээ авахад энэ улсад уул уурхайгүй экологийн бүс нь бараг Монгол Улсын нутаг дэвсгэртэй тэнцэхүйц байдаг. Харин Монгол Улсад экологийн бүсийг зааглахгүй байгаагаас шалтгаалж экологийн цэвэр бүтээгдэхүүн гаргах боломжгүй болох вий. Одоогоор улсын тусгай хамгаалалтад авах шаардлагатай 2015 газар бий. Эдгээр газрын бүх судалгааг хийсэн тул экологийн онцгой ач холбогдолтой гэж үзэн улсын тусгай хамгаалалттай газар болох хэрэгтэй зэргээр 10 гаруй иргэн үндсэн илтгэлүүд тавигдаж дууссаны дараа санал бодлоо илэрхийлэв.

Хэлэлцүүлгийн төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Х.Баттулга:

Өнөөдрийн хэлэлцүүлгээр төрийн болон төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаач, иргэд, олон нийтийн төлөөллүүд Усны засаглалын тогтолцоо, энэ салбарт тулгамдаж буй асуудал, шийдлүүдийг гаргах гэж зорилоо.

Зөвлөгөөн үр бүтээлтэй, ажил хэрэгчээр цаашид үргэлжлээсэй гэж бодож байна. Хэлэлцүүлэгт оролцогчдын гаргасан зөвлөмжийг мөн Та бүхэн сонслоо. Усныхаа асуудлыг шийдэж чадахгүй бол улсынхаа ирээдүйг шийдэж чадахгүй. Энэ хэлэлцүүлгээр ганцхан усны асуудлыг ярилаа гэж ойлгож болохгүй, энэ улсын ирээдүйн хөгжлийн асуудал гэж ойлгох нь зүйтэй юм” гэлээ.

Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатын санал болгож байгаа Гадаргын усыг түлхүү ашиглах “Хөх морь” төслийн санхүүжилтийг яаралтай шийдвэрлэх, доктор Д.Басандоржийн усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагыг Ерөнхийлөгч, агентлагийн асуудлыг Ерөнхий сайд хариуцах нь зөв гэж бодож байгаа талаараа хэлсэн юм.

.­­­­­