2019 оны 07-р сарын 05-ны өдөр Хангарьд ордонд Нийслэлийн байгаль орчны газраас  Барилгын чанар стандарт, барилгын материалын түүхий эд олборлолттой холбоотой хэлэлцүүлэг уулзалт зохион байгууллаа.

 Хэлэлцүүлэгт Нийслэлийн байгаль орчны газрын дарга Э.Баттулга, Нийслэлийн мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Н.Цагаанхүү болон төрийн байгууллагын төлөөлөл, МБОИЗ-ийн Хяналтын хорооны дарга Ж.Ганбаатар, Бетон зуурмагийн үйлдвэр, Хайрга дайргын үйлдвэрүүдийн төлөөллүүд оролцлоо.

 Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2019 оныг “Иргэн төвтэй, үр дүнд чиглэсэн төрийн үйлчилгээг төлөвшүүлэх жил” болгон зарласантай уялдуулан  барилгын материал үйлдвэрлэгч, хэрэглэгч байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд  дараах асуудалд анхаарч ажиллахыг 9-н зүйлт зөвлөмж хүргүүлсний  долоо дугаарт “Бетонд дүүргэгчээр хэрэглэх түүхий эд материал болох элс, хайрга, дайрга нь  бохирдол, тоос шорооны хольцгүй байх, ширхэглэлийн бүрэлдэхүүн, нимгэн үзүүрлэг хэсгийн хэмжээ, хэврэг хэсгийн агуулга, бат бэх марк зэрэг  үзүүлэлтээрээ стандартын шаардлага хангасан байх” гэсэн зөвлөмжийн хүрээнд тухайн хэлэлцүүлгийг зохион байгуулжээ.

Хэлэлцүүлгийн явцад барилгын салбарт мөрдөж байгаа стандартаас үүссэн нөхцөл байдлын талаар авч үзжээ.

  -Манайд стандартаа мөрдөхгүй байна. Голын хайргаар барилга барьж хүний амьд явах эрхийг ноцтой зөрчиж байна. Барилгын материалыг баяжуулж, зарим элементийг нь өсгөж, заримыг нь бууруулж байж стандартад нийцсэн түүхий эд болгодог.                Голын хайрга нь голын усны төвшинг барьж байдаг байгалийн чулуулаг. Голын хайрганы хатуулаг 450 марктай.  Стандартаар зам, барилгын ажилд 1200-аас дээш маркын хатуулагтай дайргыг хэрэглэх ёстой.  Гэтэл манай Туул голын хайрга 10-30 хувийн шороо, тоостой, органик бохирдолтой. Кали, кальц, натри агуулагддаг. Эдгээр нь ус цементтэйгээ нэгдэхээр бетон хийцээ иддэг. Орчин цагийн ихэнх барилга бетон хийцэн дээр тогтдог болсон учраас барилгын стандартыг мөрдөх нь олон талын эрсдлийг бууруулах гол нөхцөл болно.

Өнгөрсөн оны 8-р сард Кварцийн элсийг барилгын түүхий эд болгон ашиглах талаар стандарт тогтоон баталсан боловч  “Заавал мөрдөх стандарт”-д оруулаагүй учир МХЕГ-с үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад албан ёсоор шаардах эрхгүй болдог байна. Кварцийн элсэнд агуулагдах тоос тоосонцор 0.1 хувь байдаг. Үүнийг угааж баяжуулж гаргаж авна. Бетон бол байгалийн чулууг дуурайлгаж хийсэн зүйл. Хатуулаг стандартаараа хийвэл 500-600 жилийн насжилттай байдаг. Бетоны 60 хувьд кварцийн элс орно. Төмөр, цементтэй бүрэн уялдаж өндөр маркийн бетон гаргадаг. Кварцийн элс нь манай орны нутагт Хараа голын ай савд  (Сэлэнгийн Хонгор сум, Төв аймгийн Батсүмбэр, Сүхбаатар аймгийн Алтан элсэнд) тархсан байдаг.

МБОИЗ-ийн Хяналтын хорооны дарга Ж. Ганбаатар тавьсан шаардлагуудаас хамгийн гол нь Туул голоо хамгаалах, хамгаалахын тулд голынхоо хайрга дайрга хөрсийг нэмж сүйтгэхгүй байх, түр настай барилга барьж өөрсдийн түр зуурын ашгийн төлөө бусдын эрүүл аюулгүй амьдрах эрхийг зөрчиж байгаад анхаарч үйл ажиллагаагаа хариуцлагажуулах, Кварцийн элсийг заавал мөрдөх стандартад яаралтай оруулах гэсэн саналуудыг оруулж шаардлага тавилаа.