Дэмчогийн хийд

0
4082

Дэмчогийн хийд нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь Галбын уулын байц хадан дунд оршдог ажээ.
Ноён хутагт Д.Данзанравжаа говь нутагт нийт 8 хийд байгуулсны нэг нь Дэмчогийн хийд юм. Домгоор бол Хамрын хийдээс “пүрэв” хөөргөсөн гэдэг. Пүрэв гэдэг нь 350 грамм жинтэй, шовх үзүүртэй төмөр бүхий луужин маягийн эд байжээ. Ийнхүү Дэмчогийн хийд барих газрыг “пүрэв” заасан гэлцдэг.  Дэмчогийн хийд нь Ханбогд сумын төвөөс баруун тийш 13 км-т оршдог. Галбын ууланд хааш хаашаа 30 км-ийн диаметр бүхий зөв эргэлтийн соронзон туйлаар энерги ялгаруулдаг орон зай бүхий тойрог газар байх бөгөөд гол цэг нь Дэмчогийн хийд гэж үздэг байна. Хийдийг ноён хутагт Д. Данзанравжаа ирээдүй цагийг билэгдэн байгуулсан гэдэг бөгөөд Цогцалын хийд ч гэж нэрлэх нь бий. Дэмчог гэдэг нь түвдээр “Дээд амгалан” гэсэн утгатай бөгөөд хийдийг дэлгэрч буй бадамлянхуа цэцгийг бэлгэдэн барьжээ. Бурхан багшийн их 8 үйлд зориулсан 8 цагаан суварга, дэлбээний гадна талд байрлах нар буруу тойрдог Нархажид буюу эх дагинасын суварга, гол дунд нь Диваажингийн орны Авидын цагаан суварга гэх эрдэнийн 10 цагаан суваргыг хийдийн хоймор хэсэгт бүтээжээ. Дэмчогийн хийд нь хоёр давхар чулуун хэрмэн хашаатай, үүд хэсэгтээ давхар босготой дааман хаалгатай байх ба дунд хэсэгтээ гол сүм баригдсан, сүм дуганг тойрсон 16 чулуун арсланг байрлуулан тавьсан, дорны ур хийцийг бүрэн хадгалсан. Дэмчогийн хийдийн найман суваргыг нарийн ажиглавал өөр өөрийн гэсэн онцлогтой юм байна. Зүүн хойд талын суваргаас эхэлж мөргөл үйлддэг бөгөөд суваргыг бурхан багшийг мэндлэхэд нь босгожээ. Харин хоёр дахь суваргыг бурхан багшийг хөлд ороход нь эрүүл энх өсч бойжлоо хэмээн барьсан аж. Бурхан багшийг номын хүрдээ эргүүлэхэд нь гурав дахь дахь суваргыг босгожээ. Харин анхныхаа номыг номлоход нь дөрөв дэх суваргыг бүтээсэн байна. Тав дахь суваргыг бурхан багшийг дээд тэнгэрийн 34 оронд үдээс өмнө заларч үдээс хойш бууж ирсэн их үйлд нь зориулж тэнгэрийн их суварга хэмээн нэрийджээ. Харин зургаа дахь нь эв эеийн суварга юм байна. / Ертөнцийн бүх амьтан эв, эетэй байхыг бэлгэджээ/. Харин Бурхан багш хүмүүний ертөнцөд ирээд тодорхой хэмжээгээр амьдраад бурхны оронд буцах цаг боллоо. Нирваан дүрээ үзүүлнэ гэдгээ олонд тунхаглахад нь зориулж долоо дахь суваргыг бүтээжээ. Найм дахь суваргыг насан хутгийн суварга гэж нэрийддэг юм байна. Бурхан багшийг нирваан дүрийг үзүүлэхэд насан хутгийг үзүүлэх болтугай хэмээн найм дахь суваргыг босгосон түүхтэй.
Дэмчогийн хийдийн цэцгийн дэлбээний баруун талд байрлах суварга хүмүүсийн анхаарлыг ихэд татаж байсан юм. Эл суваргыг нар буруу тойрох тусам ариусдаг юм байна. Харин голын суварга нь Монголын хамгийн өндөрт тооцогддог бөгөөд газраас дээш 22 метр юм байна. Сүмийнхээ сууринаас 17 метрийн өндөр аж. Хийдийн төв хэсэгт дөрвөн давхар суварга нь диваажингийн орны Авидын суварга юм байна. Тэрээр хийд буй Ханбогдын хормой газрыг “Хэрэв энэ газар орныг хүн биширч чадах юм бол хүнийхээс илүү газрынх нь ид шид ноёлсон, хүнд сайн сайхан бүхнийг өгч чадах, газрынхаа гүнд баялагтай, хорвоо ертөнц мөхөх, галав юүлэх хүнд хэцүү тэр цагт хэдхэн хүнээ аваад хоцрох гайхамшигтай гоё уул” хэмээн бичиж үлдээсэн ажээ. 
Дэмчогийн хийдийн хажууд буй эр бэлэг эрхтний хэлбэртэй хад байх бөгөөд ханийн тэнгэр, үрийн заяа дуудуулах гэж буй бүсгүйчүүд их ирж, сүслэн залбирдаг байна.Харин хийдийг тус хадны урд талд эм бэлэг эрхтнийг дүрсэлсэн байдлаар зохиомжилж барьсан гэнэ.