Өмнөговийн баруун захад Гурвантэс сумаас баруун хойш орших 10 гаруй километр үргэлжилдэг ганга юм. Адаг хэсэгтээ 10 километр өргөн, зарим газартаа 100-200 метр гүн байдаг. Этгээд хэлбэртэй улаан толгодууд, говийн цөл нь өнө эртний үед их далай байсныг нотлох мэт оршдог. Дундад зууны Европын цайз цамхагууд, төрөл бүрийн амьтад шиг хэлбэртэй “авангард” толгодуудыг холоос харахад их хотын балгас мэт харагддаг..
Өмнөговь аймгийн болон Монгол улсын 9 гайхамшгийн нэгд зүй ёсоор багтдаг, Монголын хамгийн том цав юм. Ойр орчиндоо хайлаас тоорой, сухай бүхий баян бүрдтэй үзэсгэлэнт нутаг юм. Хэрмэнцавын талбай нь 250 хавтгай дөрвөлжин километр бөгөөд эндээс эртний үлэг гүрвэл, хөхтөн, шавьж, шувуу, яст мэлхий, матар, нуур усны амьтад болон олон зүйл ургамлын олдворыг нээн илрүүлсэн нь монголын говийг дэлхийд үлэг гүрвэлийн хамгийн их олдвортой, тэдгээр нь бүтэн олддог дэлхийн шинжлэх ухаанд нэн чухал газар нутаг болохыг баталсан. Хонхор маягийн энэ газарт орох “хаалга” хоёр байдаг гэдэг бөгөөд төөрөх магадлал өндөртэй, зундаа 60 хэм хүртэл халдаг тул “Үхлийн цав” гэж ч бас нэрлэдэг байна.
Хэрмэн цав Даланзадгадаас 450 километр, Хонгорын элснээс 250 километр зайтай. Замдаа Зулганай, Нарандаац, Гурван тэс зэрэг сонин сайхан газраар дайран аялна.