Нийслэлийн бүх дүүрэгт Модлог ургамлын цэцэрлэг байгууллаа
НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагаас 2019 оныг Ойн талаар бүх нийтийн боловсролыг дэмжих жил болгон зарласан билээ. Энэхүү олон улсын санаачилгад Монгол Улс нэгдэж Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатын санаачилгаар 2018 оны 3 дугаар сараас улс орон даяар хэрэгжиж эхэлсэн. “Ногоон паспорт” аяны үргэлжлэл болох ойн зурвас бүхий “Ногоон паспорт-Ногоон төгөл” модлог ургамлын цэцэрлэгийг Монгол орны 21 аймаг 1 дүүрэгт байгуулсан бол 2019 оны 10-р сарын 14-ний өдөр нийслэлийн 8 дүүрэгт тус бүр 3.5 га газарт цэцэрлэгийг байгууллаа.
Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, иргэдийн амьдрах таатай орчныг нэмэгдүүлэх үүднээс Монгол улсын хэмжээнд модлог ургамлын цуглуулгын цэцэрлэгт хүрээлэн байгуулж, орон нутгийн ард иргэдийн амьжиргааг дэмжих, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг төрөлжүүлэн хөгжүүлэх, мөн хүүхэд залууст “Ногоон паспорт” түүний ач холбогдлыг сурталчлан таниулах, байгальд ээлтэй, зөв дадал, хэвшлийг бий болгоход анхааран ажиллах үүднээс “Ногоон төгөл” байгуулах ажлыг эхлүүлж 2018 оны 10 сард Дорноговь аймгийн Хамрын хийдэд, 2019 оны 06 дугаар сард 8 аймагт нэгэн зэрэг нээлтээ хийсэн бол энэ оны 10 дугаар сард 13 аймагт ойн зурвас байгуулах бүтээн байгуулалтын ажлыг хийж дуусгаснаар 21 аймаг тус бүр 3,5 га газарт “НОГООН ПАСПОРТ-НОГООН ТӨГӨЛ”-тэй болсон.
Энэ удаад Монгол улсын ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлигийн дагуу “Бүх нийтээр мод тарих өдөр”-ийг тохиолдуулан нийслэлийн Сүхбаатар, Баянзүрх, Хан-уул дүүрэг, Баянгол, Багануур, Налайх, Багахангай, Чингэлтэй зэрэг 8 дүүрэгт “НОГООН ПАСПОРТ-НОГООН ТӨГӨЛ модлог ургамлын цэцэрлэгт хүрээлэнг байгуулж байна.
“Ногоон паспорт-Ногоон төгөл” модлог ургамлын цуглуулгын цэцэрлэг нь өсвөр үеийнхнийг байгаль орчныг хамгаалах, цөлжилт, элсний нүүдэл, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг мод тарих ажилд биечлэн оролцох, улмаар ойг танин мэдэх, ойн мэргэжлийг сонирхон судлахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор тухайн бүс нутгийн онцлогт тохирсон 10-18 зүйл модлог ургамлын суулгацыг хашаа хамгаалалт, сүүдрэвч, иж бүрэн усалгааны системийн хамт нийслэлийн дүүргүүд болон аймаг тус бүрт байгуулж буйгаагаа онцлог юм. Мөн энэхүү ойн зурвасыг байгуулахдаа улирал харгалзахгүйгээр хийх нэг хэлбэр болох далд үндэсний системтэй суулгац буюу бортоготой суулгацыг хэрэглэж байгаагаараа онцлог юм.
Энэхүү бичил цэцэрлэгт хүрээлэн нь суурин газрын оршин суугчдын эрүүл, таатай амьдрах орчныг бүрдүүлэх үүрэгтэй “хотын ой” гэх ойлголтод багтах ойн зурвас бөгөөд ой, моддыг танин мэдэх агуулгатай модлог ургамлын цуглуулга бүхий цэцэрлэг юм. Модлог ургамлын цуглуулгын цэцэрлэгийн тодорхой хэсгийг сайн дураараа мод тарих иргэд, аж ахуйн нэгжүүдийн хөрөнгөөр өргөжүүлэн хөгжүүлэх боломжтой.