“Улаанбаатар хотыг ногоон хот болгох үйл ажиллагааны төлөвлөгөө”-г өчигдөр нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэн батлав. Тус асуудлыг нийслэлийн Агаар орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, нийслэлийн Засаг даргын орлогч Д.Мөнхжаргал танилцуулсан юм. 

Энэхүү төлөвлөгөөний хүрээнд хотын хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдийг тогтоож, хөрөнгө оруулалтыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх бөгөөд эрчим хүч, ундны ус, хог хаягдал, үйлдвэрлэл, барилга байгууламж, газар ашиглалт болон зам тээвэр гэсэн үндсэн 7 салбарыг хамарч байгаа юм. Хотын хөгжилд олон салбарыг хамруулсан нэгдсэн цогц төлөвлөгөө шаардлагатайн хувьд эдгээр 7 салбарыг хамарсан бөгөөд өөр хоорондоо нягт уялдаа холбоо бүхий стратегийн 4 зорилттойгоор төлөвлөсөн байна.

Агаар орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, нийслэлийн Засаг даргын орлогч Д.Мөнхжаргал танилцуулгадаа “Агаарын чанарыг сайжруулах зорилтын хүрээнд эрчим хүч болон зам тээврийн салбарт тодорхой өөрчлөлтийг хийж тэдгээрээс агаарын чанарт үзүүлдэг сөрөг нөлөөллийг бууруулна.

Мөн уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг багасгах чиглэлд тодорхой ажлуудыг төлөвлөсөн бөгөөд эдгээр ажлууд нь байгальд түшиглэсэн арга барилд суурилснаараа онцлогтой юм.

Иргэдийн ая тухай амарч зугаалах боломжийг бүрдүүлэхэд чиглэсэн олон төрлийн цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж байгуулах ажлууд ч орхигдоогүй. Тухайлбал, хөрсний бохирдлыг бууруулах ажлын хүрээнд бохирын танкаар хангах, бохир усны шугам сүлжээг сэргээн засварлах, борооны ус хураах систем нэвтрүүлэх, “Туул” усан сан цогцолбор байгуулах зэрэг ажлууд хийгдэнэ” гэлээ. Түүнчлэн энэхүү төсөл хөтөлбөрөөр нийт 14 үйл ажиллагаа 42 арга хэмжээг зохион байгуулах талаар дурдлаа. 

“Улаанбаатар хотыг ногоон хот болгох үйл ажиллагааны төлөвлөгөө”-г хэрэгжүүлэх санхүүжилтийн тодорхой хувийг нийслэлийн Ногоон сангаас гаргах боломжтой бөгөөд “Нийслэл хотыг хөгжүүлэх хэтийн зорилт” бодлогын баримт бичгийн хүрээнд хэрэгжүүлэх юм байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нийслэл хотыг ногоон байгууламжтай болгож иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлөөр хангах нь чухал гэдгийг онцолж хэлээд тус төлөвлөгөөг захирамжаар баталж хэрэгжүүлэхээр боллоо.

Улаанбаатар хотын удирдлагын зүгээс энэхүү төслийг боловсруулахад санхүүгийн дэмжлэг үзүүлсэн Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк, БНСУ-ын Санхүү, эдийн засгийн яаманд болоод уг төслийг боловсруулсан Техникийн баг болох RWA групп болон Үндэсний Стратегийн Хүрээлэнгийн хамт олонд талархал илэрхийлж байна.