ЭКОЛОГИЙН ЦАГДААГИЙН АЛБА, “МОНГОЛЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛ” ТББ ХАМТРАН АЖИЛЛАНА.

0
2527

      ЦЕГ-ын Экологийн цагдаагийн алба, “Монголын Байгаль орчны иргэний зөвлөл” ТББ хамтран ажиллах, харилцан ойлголцлын “Санамж бичиг”-т өнөөдөр гарын үсэг зурлаа. 

      Хамтын ажиллагааны зорилго нь Байгалийн унаган төрх, экосистемийн тэнцвэрт байдлыг хангаж хойч үедээ өвлүүлэн үлдээх, байгалийн нөөц баялгийг хамгаалах, ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагаанд тогтмол хяналт мониторинг хийх, Байгаль орчны салбарын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр байгаль орчны эсрэг аливаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох олон нийтийн дадал хандлагыг өөрчлөхөд нөлөөлөх  соён гэгээрүүлэх ажлуудыг зохион байгуулж, хамтран ажиллахад оршино.

      ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Ц.Ням-Очир хэлэхдээ, “Манай 2 байгууллага иргэд, хүүхэд залууст экологийн боловсрол олгох, соён гэгээрүүлэх чиглэлээр хамтран ажиллана. Ингэж иргэдийн хандлагыг өөрчилж, зөв дадал хандлагыг төлөвшүүлэхэд байгаль орчны эрдэмтэн судлаачид, мэргэжлийн хүмүүсийн оролцоо тун чухал. 

Бид байгаль орчинг сүйтгэж, ан амьтан хулгайгаар агнаж буй хууль бус үйлдэлтэй тэмцэж, зөрчлийг илрүүлэхээс гадна ард иргэд байгаль орчин, ан амьтнаа хайрлан хамгаалах үйлсэд нэгдэн ажиллах нь ирээдүйнхээ төлөө хийж буй зөв үйл ажиллагаа юм” гэдгийг онцлов. 

      МБОИЗ-ийн тэргүүн, БОАЖЯ-ны сайдын зөвлөлийн гишүүн Б.Эрдэнэ, “Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох нь иргэн бүрийн журамт үүрэг билээ. Энэ үүргээ биелүүлэх, нийгмийн хариуцлагыг бүх шатанд бий болгох талаар Байгаль орчны тухай хууль, тогтоомжууд, цагдаагийн байгууллагын болон төрийн бус байгууллагын тухай хуулинд тодорхой заасан. Хуулийн хэрэгжилтийг хангах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх үүднээс мэргэжлийн, тэр дундаа төр, иргэний нийгмийн байгууллагууд түншлэн ажиллахаар боллоо” гэв. 

      Эрдэмтэн судлаачдын оролцоотой цагдаагийн ажилтнуудыг сургаж дадлагажуулан, байгаль орчны хохирлыг тооцох, үнэлгээ хийх, нөхөн сэргээх, хамгаалах тал дээр арга зүйгээр ханган ажиллах юм.

     МБОИЗ-ийн дэргэдэх Эрдэмтэн судлаачдын зөвлөл болон үйл ажиллагааныхаа чиглэлээр төрөлжсөн Биологийн олон янз байдлын хороо, Газар, газрын хэвлий, ус, агаарын хороо, Мэргэшил, сургалт, судалгаа, үнэлгээ, мониторинг, мэдээлэл сурталчилгааны хорооны судлаач, шинжээч, мэргэжилтнүүд ийнхүү цагдаагийн байгууллагатай хамтран байгаль орчны төлөө ажиллахаар боллоо. Мөн МБОИЗ-ийн аймгууд дахь Салбар зөвлөлүүд тухайн аймгийнхаа Экологийн цагдаагийн албадтай хамтран ажиллах юм.