“Тогтвортой хөгжлийг дэмжих Монголын сэтгүүлчдийн холбоо” мод тарих үндэсний өдрийг угтан “Мод тарих нь чухал. Тарьснаа арчилж ургуулах нь бүр чухал” уриан дор нэг сарын аянг зохион байгуулж, сэтгүүлч,иргэд мөн хүүхэд багачууд гэсэн гурван чиглэлд ажиллажээ. Сэтгүүлчдийг мэргэжлийн байгууллагынхантай холбож, мэдээлэл,туршлагаас хуваалцаж,сошиал орчинд мод тарих цуврал зөвлөгөөг бэлтгэн хүргэсний дээр “Байгальд ээлтэй-Ногоон орчин” төслийг санаачлан Баянзүрх дүүргийн тэргүүний 62 дугаар цэцэрлэгийн талбайд 200 ширхэг тарьц суулгаснаар уг санаачлагынхаа шанг татсан байна.
“Байгальд ээлтэй-Ногоон орчин” төсөл нь хотын захын сургууль, цэцэрлэгийн талбайг моджуулах, эко орчин бүрдүүлэх, цаашлаад хүүхэд багачуудыг байгаль орчинд ээлтэй,хариуцлагатай иргэн болж төлөвшүүлэх зорилготой юм.
Өчигдөр тус холбооны Удирдах зөвлөлийн дарга Т.Бүдээхүү, Удирдах зөвлөлийн гишүүн Б.Болд, С.Дуламсүрэн нар Баянзүрх дүүргийн тэргүүний 62 дугаар цэцэрлэгийн хамт олонд талархлын бичиг гардуулж өгөв.
Энэ төслийг цаашид жил бүрийн хавар,намар нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн захын сургууль цэцэрлэгт хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Модыг зөвхөн тариад орхих биш, ургуулахад анхаарч, эргэх холбоотой ажиллаж, үр дүнг олон нийтэд мэдээлснээр төсөл үр дүнтэй хэрэгжинэ гэж тус холбооныхон үзэж байна. Эх сурвалж: Gereg.mn