Монголын шувуу хамгаалах төв “Зүүн бүсийн ховор шувуудын нүүдлийн судалгаа”-ны урьдчилсан үр дүнгээ энэ сарын 2-нд олон дэлгэлээ.
Тодруулбал, тус төвийн судлаачид өнгөрсөн оны зургаадугаар сард Дорнод аймгийн Дашбалбар сумын Улз голын эрэгт Бургасанд үүрлэсэн Идлэг шонхрын 2 ангаахайд сансрын дамжуулагч зүүж тэдний нүүдэл, шилжилт хөдөлгөөнийг тандлаа. “Улз”, “Чух” хэмээх нэртэй хоёр ангаахай наймдугаар сарын эхээр үржлийн нутгаа орхин нүүсэн. Харамсалтай нь “Улз” ангаахай нүүдлийн үедээ Мэнэнгийн талд Дачин тамсагийн газрын тосны 19 дүгээр талбайн өндөр хүчдэлийн шон дээр суух үедээ хүчдэлд цохиулан үхсэн байна. Харин “Чух” ангаахай нүүдлээсээ үржлийн нутагтаа иржээ. Энэ ангаахай 2019 оны наймдугаар сарын 2-нд Дашбалбарын нутгаас нисэж Хэнтийн уулархаг мужаар дайрч Завхан аймаг хүртэл нийт 2000 км гаруй нисээд, тэндээсээ өмнө зүгийг зорин Төвдийн нийслэл Лхас хүртэл дахин 2000км орчим нисэж Лхасын хойно 3 хоноод тэндээсээ зүүн хойш Хятадын Хөх нуур хэмээх Цинхай аймгийн нутагт 2019 оны аравдугаар сарын 2 нд ирсэн байна. Энэ уулархаг нутагт “Чух” 2019 оны 10 дугаар сарын 2-оос 2020 оны 4 дүгээр сарын 2-н хүртэл нийт бүтэн 5 сар байршиж өвөлжлөө. Энэ нутагт Төвд огодой олноор өвөлждөг учир энэ зүйл огодойгоор хооллож өвөлжсөн байх гэж судлаачид хэлж байна.
“Чух” ангаахай нийтдээ 4400км орчим нисэж, Хаврын нүүдлээ дөрөвдүгээр сарын 2-нд эхлүүлж, өвөлжсөн нутгаасаа чанх хойд зүгт 1000 км нисээд Өвөрхангай аймгийн нутагт очиж, тэндээсээ Төв аймгийн Алтанбулгаар дамжин дахин Хэнтийн уулархаг муж дээгүүр нисэж 4 дүгээр сарын 14-нд өөрийн төрсөн нутаг болох Улз голд ирж Чух багийн нутгаар дайрч хойш Оросын Тарь нуур ороод буцаж, Хятадын Далай нуураар дайран Буйр нуурт энэ сарын 21-нд иржээ.
Тэндээсээ Хэрлэн гол руу буцаж Халхын таван уулаар дамжин Яхь нуур орж тэндээсээ дахин төрсөн нутаг болох Дашбалбарын Чух нуурт ирсэн боловч 4 дүгээр сарын 27ны өдөр буцаж өмнө зүг Хэрлэн гол руу ниссэн байна.
Харин энэ сарын 1-ний 05:00 цагийн байдлаар Хэнтий аймгийн Баян-Овоо сумын төвөөс баруун зүг орчимд Хэрлэн голын эрэгт ирсэн аж.
Ташрамд хэлэхэд, “Чух” өнгөрсөн жил мэндэлсэн 1 нас хүрч буй залуу эм шувуу учир энэ жил үржилд орохгүй харин ирэх жилээс үржилд орж магадгүй гэж судлаачид таамаглаж байгаа. Монгол бол идлэг шонхрын хувьд маш аюултай орон буюу түгээх шугамуудад махчин шувууд эндэх эрсдэл маш өндөр юм. Харин “Чух” эсэн мэнд амжилттай бүтэн нүүдэл хийснээрээ шинжлэх ухаанд чухал мэдээлэл бүрдүүлэн байна. Эх сурвалж: paparazzi .mn