Богд хаан уулын дархан цаазат газарт 10 халиун бугыг нутагшуулаад байна. Тодруулбал, Хустайн байгалийн цогцолборт газраас дархан цаазат Богд ууланд дээрх тооны халиун бугыг шилжүүлэн нутагшуулаад байгаа талаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас мэдээлэв. 

Үүнийг халиун бугын тоо толгойг өсгөх, цус сэлбэх, үржил өсөлтийг олон янз байдлаар баяжуулах зорилгоор Хустайн байгалийн цогцолборт газар, Богдхан уулын дархан цаазат газрын байгаль хамгаалагчид, хамгаалалтын захиргаа болон ХААИС-ийн Мал эмнэлгийн хүрээлэнгийн эмч нар хамтран зохион байгуулжээ.

Үүний өмнө Өмнөговь аймгийн Гурвансайхан ууланд мөн Хустайн нуруунаас буга нутагшуулах талаар доктор Н.Банди, МУИС-ийн доктор, багш Н.Суран нар судалгаа хийж буга нутагших боломжийг тогтоохоор согоог нутагшуулж байсан юм. 

Анх 100 ч хүрэхгүй тоотой байсан халиун бугыг Хустайн нуруунд нутагшуулан хамгаалалтад авснаар өдгөө 1200 болоод байна.

Манай улсад халиун бугын тоо 1980 онд 130 мянгад хүрч байсан бол 1990 оноос хойш эрчимтэй цөөрч нэн ховор амьтны жагсаалтад орсон юм. Тоо толгой эрс цөөрснийг хяналтгүй, хууль бус ан агнуур, хүний хүчин зүйл, буруутай үйлдэлтэй холбодог. Харин монгол адууны хамгийн ойрын төрөл тахийг сэргээн нутагшуулахаар Хустайн нурууг улсын тусгай хамгаалалтад авч, 30 орчим жил үр дүнтэй хамгаалснаар мөхлийн ирмэгт ирээд байсан халиун бугын тоо толгой өсөж, нэмэгдсээр байна. Одоо Хустайн нуруунд 1200 халиун буга нутагшиж байна. 

Энэ удаа халиун бугыг Богд ууланд нутагшуулахаар тээвэрлэхдээ зориулалтын нойрсуулагчаар унтуулан уулнаас барьж, сорьц, дээж аван чихний тэмдэг зүүж, аюулгүй сулласан байна.

Тодруулга: Халиун буга (заримдаа марал гэх нь бий) нь амьтны аймгийн ангиллын хувьд хөхтний анги, туруутны баг, бугынхны овогт багтах бөгөөд төрөл дотроо хамгийн том биетэйдээ тооцогдох буга юм. Туруутан амьтдын хувьд түүхэн хувьсах хөгжлийн явцад тэдгээрийн 3-4-р хуруу сайн хөгжиж туруу үүсгэсэн байдаг, мөн эгэмгүй байдгаараа онцлог юм.                                                                                      Эх сурвалж:МОНЦАМЭ