Э.БАТТУЛГА: МОД, ОЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХЭРЭГЦЭЭ ШААРДЛАГА ӨСӨН НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОЙН НӨӨЦӨД НҮҮРЛЭХ АЮУЛ УЛАМ ЭРЧИМЖИЖ БАЙНА

Хууль бус мод бэлтгэлээс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлуудад дүгнэлт өгч, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөх, хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх ажлын салбар дундын харилцааг сайжруулах зорилготой “Хууль бус мод бэлтгэлээс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” хэлэлцүүлэг 2022.04.15-д Байгаль орчин, аялал жуулчлалын яамны “Хаан” танхимд боллоо.

Тус хэлэлцүүлгийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас санаачлан Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн алба, нийслэлийн Байгаль орчны газар, Прокурорын газар, Баянзүрх дүүргийн ЗДТГ, Сонгинохайрхан Дүүргийн ЗДТГ болон байгаль орчны төрийн бус байгууллагын төлөөлөл болох Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн төлөөлөл оролцов.

Хэлэлцүүлгийг БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Хууль бус мод бэлтгэлээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх ажлыг удирдлага, зохион байгуулалтаар хангах, салбар дундын зохицуулалт хийх үүрэг бүхий “Зохицуулах зөвлөл”-ийн дарга Э.Баттулга удирдан явуулжээ.

МБОИЗ-ийн удирдах зөвлөлийн гишүүн П.Шинжээравдан: ГОЛ, МӨРНИЙ УРСАЦ БҮРЭЛДЭХ ЭХ, УСНЫ САН БҮХИЙ ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН БҮС, ОЙН САН БҮХИЙ ГАЗАРТ АШИГТ МАЛТМАЛ ХАЙХ, АШИГЛАХЫГ ХОРИГЛОХ ТУХАЙ хууль ба говийн Заг Сухайн ойг хамгаалах Оросын холбооны улсаас татваргүй мод оруулж дотоодын хэрэгцээгээ хангах, унанги ойн цэвэрлэгээг хийх зэрэг саналууд орууллаа.

Хэлэлцүүлгийн үеэр “Ойн судалгаа, хөгжлийн төв” УТҮГ-ын Хууль бус ой ашиглалттай тэмцэх шуурхай ажиллагааны тасгийн дарга Б.Алтансүх “Хууль бус мод бэлтгэлээс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлын бодлого, зохицуулалтын үндсэн асуудал” сэдвээр, МХЕГ-ын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Ч.Нямдаваа “Ойн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал”, ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, хурандаа Ц.Насанбат “Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдвээр, нийслэлийн Байгаль орчны газрын дарга М.Нямбаяр “Хууль бус мод бэлтгэлээс урьдчилан сэргийлэх, тэмцэхэд тулгамдаж буй асуудал, цаашид авч хэрэгжүүлж буй арга хэмжээ” сэдвээр, “Монголын тул хамгаалах нийгэмлэг” ТББ-ын тэргүүн, зохицуулах зөвлөлийн орлогч дарга Н.Дашзэвэг “Орон нутагт хяналт шалгалт хийсэн ажлын талаарх мэдээлэл” сэдвийн хүрээнд танилцуулга хийж асуулт, хариулт явууллаа. Эх сурвалж: БОАЖЯ