МБОИЗ-ийн удирдлагын баг орон нутагт томилолтоор ажиллах хүрээндээ олон талт үйл ажиллагаа явуулж байгаа билээ. Түүний нэг нь Эх дэлхий,унаган байгалиа хайрлан хамгаалах хүүхэд залуусын дуу хоолойг сонсох зорилготойгоор “ХҮН БАЙГАЛИЙН ХҮЙН ХОЛБОО” сэдэвт тэмцээнийг Баянхонгор аймгийн Хүүхдийн ТЭМҮЖИН театрт 2022 оны 10-р сарын 22-ны өдөр амжилттай зохион байгууллаа.   Тус тэмцээнийг зохион байгуулахаар МБОИЗөвлөл, Баянхонгор дахь салбар зөвлөл,Баянхонгор аймгийн байгаль орчны газар хамтран ажиллав. Нийт шагналын сан нь 5,000,000 төгрөг, шагналын санг ивээн тэтгэсэн унаган байгалиа хамгаалах сүүн сэтгэлтэй нутгийн компаниуд  Сар Уул Од Түр ХХК, Ажийн болох ХХК, Номадик Винд Трайвл ХХК-ны хамт олондоо баярлалаа.

Тэмцээнийг 2 хэлбэрээр явуулсан бөгөөд “ХҮН БАЙГАЛИЙН ХҮЙН ХОЛБОО”сэдэвт эссэ бичгийн уралдааныг цахим хуудсаараа урьдчилан хүлээн авч нийтлэн танилцуулж байсан. Уралдааны 2-р шат нь өнөөдөр болсон Дэвжээ тэмцээн байлаа. Багууд 3-н минутад багтсан урлагийн мэндчилгээ, ховордсон амьтдын талаар асуулт хариулт, хүн байгалийн холбоог илрэхийлсэн уран уншлага, урьдчилан ирүүлсэн Хүн байгаль хүйн холбоо сэдэвт эссэ бичгийн илтгэл, техник технологийн хөгжилд суурилсан шинэ шинэлэг санаа бүхий ханын сонин хийж тайлбарлах гэсэн үе шаттай өрсөлдөн оролцлоо.

Уралдаанд оролцсон авъяастай хүүхдүүдийн эрч хүч ямар сайхан байна вэ. Төрж өссөн аймгийнхаа газрын зургийг суурь болгон  ханын сонингуудаа хийсэн нь агуулга, үзэл санаа, мэдлэгийн багтаамж ихтэй байсныг онцолмоор байна. Тэмцээндээ зориулан тэмцээний мэдээлэл уриа бүхий даавуун уут хийсэн нь байгаль дэлхийгээ бохирдуулахгүй байх, хог хаягдлаа ангилан ялгах, хэрэглээгээ ухамсартай байлгаарай гэсэн маш том мэссэжийг багтаажээ.

Хонгорын хүүхдүүд цовоо цойлгон, авъяас билэг, эрдэм мэдлэгтэй, хичээнгүй юмаа. Байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах талаар томчуудад хүргэх үгээ тэд тодоос тод дуугаар хэлж байна.

ЭХ орны Ирээдүйн эзэд эвлэлдэн нэгдэж байна.