Олборлох салбарын ил тод байдлын нэгдсэн чуулган

0
478

Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод Зүүн бүсийн аймгуудын олборлох салбарын ил тод байдлын нэгдсэн чуулган 10 сарын 27, 28-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Чуулган Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга, МБОИЗ, ТАН эвсэл, Уул уурхайн үндэсний ассоциаци, зүүн бүсийн аймгуудын ЗДТГ болон уул уурхайн компаниуд, иргэдийн хамтарсан олон талын оролцоог хангажээ.

Чуулганаар уул уурхайн лиценз олголтийг нэмэгдүүлэн баялагаа олборлосноор эдийн засгаа нэмэгдүүлэх нь чухал тухай ярьж байна. МБОИЗ байгаль хамгаалал, ногоон хөгжлийг дэмжих талаар хатуу байр суурь илэрхийлж оролцсон бөгөөд үндсэн илтгэлийг Удирдах зөвлөлийн гишүүн, биологийн ухааны доктор Ж.Оюунмаа “Зүүн бүс дэх байгаль орчны хяналт мониториг” сэдвээр хэлэлцүүллээ.

Энэхүү уулзалтыг:

  • Төрөөс эрдэс баялгийн салбарт баримталж буй бодлого, хууль эрх зүйн орчны хэрэгжилт, салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар санал солилцох;
  • Ил тод, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, дэд бүтцийг сайжруулах, байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжлийг хангах чиглэлээр хамтын ажиллагааны гэрээ байгуулахад хөхиүлэн дэмжих;
  • Төрийн үйлчилгээг цахимжуулах, нээлттэй, хүртээмжтэй, салбарын үйл ажиллагааны бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэх, уялдаа холбоог сайжруулах, хариуцлагатай байдлыг төлөвшүүлэх;
  • Уул уурхай, хүнд үйлдвэр, дэд бүтцийн төсөл болон уул уурхайн салбарын ил тод байдлын хүрээнд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар оролцогч талуудын ойлголцлыг нэгтгэж, шийдвэр гаргах, удирдах түвшний хүмүүст хүргэх
  • Чуулга, уулзалтаас гарсан санал, санаачилгыг нэгтгэн зөвлөмж боловсруулах зорилгын хүрээнд зохион байгуулж байгаа юм.