“ИРГЭД МЭДЭХ ЭРХТЭЙ“ НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

“Агаарын бохирдол – Асуудал шийдэл“ сэдвийн хүрээнд “ИРГЭД МЭДЭХ ЭРХТЭЙ“ нээлттэй хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулагдлаа.

Тус нээлттэй хэлэлцүүлгийн зорилго нь

  • Хараат бус судлаачдын судалгаа, санал зөвлөмжүүдийг сонсох
  • Шийдвэр гаргагчдаас мэдээлэл авах
  • Төр болон хувийн хэвшил, ТББ-ын цаашдын хамтын ажиллагаа, хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх санал зөвлөмжийг хэлэлцэх юм.

Хэлэлцүүлэгт:

  • МУ-ын ЗГ-аас Агаарын бохирдлыг бууруулахад авч хэрэгжүүлсэн үйл  ажиллагааны дүгнэлт, цаашид хэрхэн шийдвэрлэх арга замууд сэдвээр -БОАЖЯ-ны Агаарын бохирдол хариуцсан мэргэжилтэн Ц.Мөнхбат,
  • Агаарын бохирдлын эрүүл мэндэд үзүүлж буй нөлөөлөл сэдвээр- НЭМҮТ-ийн ОБЭМ-ийн судлаач О.Оюун-Эрдэнэ
  • Агаарын чанарын индексийн харьцуулсан судалгаа сэдвээр-Breathe Mongolia ТББ-ын судлаач
  • Цаашид шийдвэрлэх гарц шийдлийн танилцуулга сэдвээр-МБОИЗ-ийн УЗГ Б.Цогзолмаа
  • Агаарын чанар сайжирсан уу? сэдвээр- Public Lab MONGOLIA ТББ-н судлаач нар илтгэл тавьж оролцогчдын асуултад хариулт өгч  оролцогчид талууд танилцаж чөлөөт уулзалт ярилцлага хийлээ.

Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн удирдах зөвлөлийн гишүүн Б.Цогзолмаа: МБОИЗ-ийн дэргэдэх Ногоон Парламентаас мэргэжлийн байгууллагуудын санал зөвлөмжийг 2022 оны 3 сард хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл ямар ч арга хэмжээ авалгүй ХУУЛИЙН дагуу хариу өгөлгүй өнөөдрийг хүрлээ.

-Дата, мэдээллээ зөв гаргахгүйгээр асуудлыг шийдэх боломжгүй. Агаарын чанарын нэг индекс болох РМ2.5, РМ10-ыг өмнө нь цаг тутамд мэдээлдэг байсныг гурван цагаар дундажладаг болсноор утаа буурсан гэж иргэдийг хуурч байна.

-Агаарын бохирдлыг бууруулахын тулд онц байдал зарлах хэрэгтэй. 2017 онд гамшгийн хэмжээнд хүрсэн гэх зөвлөмжүүд гарсан. Сүүлийн таван жилийн түүхий датаг аваад үзвэл бохирдуулагч эх үүсвэрүүд нь өөрчлөгдөөгүй. Хэрэв онц байдал зарлавал хариуцсан нэгж гарч ирнэ гэсэн үг. Хариуцлага тооцох хүн хэрэгтэй. Хариуцлага тооц гэхээр зөвхөн гүйцэтгэх үүрэгтэй ажлын албаны даргыг чөлөөлөөд асуудлыг аргацааж байна.

-Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрээд байхад Ерөнхийлөгч, Ерөнхий сайд яагаад Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороонд байж анхаарч ажиллахгүй байна вэ? Манай улс төрчид асуудлаас зугтаадаг. Тэгээд жил бүр гоё хэлэлцүүлэг хийгээд түлш, цахилгаан гээд ард түмний толгойг төөрүүлсээр байгаад цаашаа явдаггүй гэсэн үг“ хэмээн ярилаа.

Агаарын бохирдлыг эсрэг авч хэрэгжүүлэх Үндэсний хөтөлбөр өнөөдөр 33 хувьтай хэрэгжиж байна хэмээн өнөөдөр Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд болсон “Агаарын бохирдол, асуудал шийдэл, иргэд мэдэх эрхтэй” хэлэлцүүлэгт оролцсон мэргэжилтнүүд Орчны бохирдлын Үндэсний хорооны үйл ажиллагаанд шүүмжлэлттэй хандаж байлаа. Тиймээс тус хорооны бүрэлдэхүүнд байгаль орчны хараат бус шинжээчдийг оруулж үйл ажиллагаа, төсвийн зарцуулалтыг хянаж энэ талын мэдээллийг олон нийтэд нээлттэй болгохыг шаардлаа.

Агаарын бохирдол энэ өвөл нийслэлд стандарт түвшнээс өндөр байгаа нь олон эрсдэлийг дагуулж байна. БОАЖ-ын сайдын тушаалаар 2018 онд Агаарын чанарын индекс үзүүлэлтийг хэмжих журмыг өөрчилсөн. Тодруулбал, агаарын бохирдлыг цаг цагаар үнэлж, 3 цагийн дунджаар азотын давхар исэл, хүхрийн үзүүлэлтийг харуулж ирсэн. 2020 онд агаарын бохирдол нийслэлд 41 хувиар буурсан хэмээн мэдэгдэн явж ирсэн ч байдал өнөөдөр өөр болоод буйг хэлэлцүүлэгт оролцсон байгаль орчин, экологийн мэргэжилтнүүд анхааруулж санууллаа.

  Хэлэлцүүлэгт оролцогчид агаарын бохирдлыг зөв үнэлж, олон нийтэд тогтмол мэдээлж байх ёстой гэсэн байр сууриа илэрхийлж байв.  Үүнтэй уялдан гамшгийн хэмжээнд хүрээд буй бүсэд оршин сууж буй иргэдэд амны хаалтаа тогтмол зүүх, өндөр настай, зүрх судасны өвчтэй хүмүүс, бага насны хүүхдүүдийг гэрээсээ гарахгүй байх гэсэн зөвлөмж өгч байх олон улсын жишгийг дагаж мөрдүүлэн, зарим улс оронд ийм бүсэд туг өлгөн дохио өгөн анхааруулж байдаг зэрэг жишээг хэлж байлаа. Хэлэлцүүлгээр сайжруулсан шахмал түлшний стандартыг

  • Хүхрийн үзүүлэлтийг 0.7 хувь,
  • чийглэгийн үзүүлэлтийг 4 хувь,
  • дэгдэмхий бодисыг 18 хувьтай тэнцүү буюу бага болгох хэрэгтэй байгааг мэдээллээ.

Ерөнхий зохион байгуулагч:

  • Монголын Байгаль Орчны Иргэний Зөвлөл

Хамтран зохион байгуулагч:

  • Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв
  • Эрүүл мэндийн сэтгүүлчдийн Ган үзэг холбоо
  • Humanz
  • Public lab mongolia
  • Breathe Mongolia