Дэлхийн гадаргын 70 хувь нь ус байгаад байхад бид яагаад усны хомсдолын талаар ярьдаг юм бол? Яг үнэндээ нийт усны 2.5-хан хувь нь л ууж, өдөр тутмын хэрэглээнд ашиглаж болохуйц цэвэр ус байдаг. Цаашлаад цэвэр усны дөнгөж ⅓ нь л бид хэрэглэж болохуйц хэлбэрээр оршдог бол үлдсэн нь мөсөн зооринд хуримтлагдсан байдаг. Ийнхүү бодохоор цэвэр ус маш ховор нөөц юм. Гэтэл жил ирэх тусам хүн амын тоо хурдацтай нэмэгдэж, усны хомсдол улам том асуудал болсоор байна.
Усны хомсдол нь тухайн газрын хүн, байгаль орчны цэвэр усны хэрэгцээг үр ашигтай хангах чадамжгүй байдлаас болж үүсдэг. 2030 он гэхэд Монгол улсын усны хэрэгцээний 43%-ийг хангах боломжгүй болно гэсэн судалгаа гарсан. Энэхүү асуудалд олон хүчин зүйлс нөлөөлдөг бөгөөд өнөөдрийн блогоор усны ихэссэн хэрэглээний талаар авч үзье. Усны хэрэглээг багасгах хэд хэдэн арга байдгаас саарал ус дахин боловсруулах технологи миний сонирхлыг хамгийн их татсан билээ.
Саарал ус гэдэг нь Европын EN 12056 нормын дагуу угаалтуур, угаалгын машин, ванн, шүршүүр, гал тогооны тосгуур зэргээс урсан гардаг, найрлагадаа ялгадас, шээс агуулаагүй хаягдал ус юм³. Саарал усыг дахин ашиглахад зориулсан олон технологи байдаг.
Үүний нэг нь laundry-to-landscape систем юм. Ердийн угаалгын машин нэг угаалтаараа 170 литр ус ашигладаг⁴ бөгөөд энэхүү системийг ашигласнаар тэр их хэмжээний усыг гаднах зүлэг ногоогоо услахад ашиглах боломжтой болно. Энэхүү систем нь маш бага арчилгаа шаарддаг, 20 хүртэлх ургамлыг услах боломжтой гэх мэт хэд хэдэн давуу талтай билээ. Үүнээс гадна угаалтууртай жорлон ашиглаж угаалтуураас урсан гарах усыг дахин ашиглаж болдог.
Нэг хүн нэг өдөрт дунджаар 34.4 литр усаар жорлонгийн ус татдаг⁶. Энэ хэмжээ гар угаах усыг ашиглавал ойролцоогоор 3.8 литрээр багасна⁷. Энэхүү энгийн технологи нь хэрэглэхэд хялбар, зай болон ус хэмнэдэг давуу талуудтай.
Хэдий нэг хүний эдгээр технологийг ашиглаад хэмнэх усны хэмжээ бага ч гэсэн хүн бүр боломжоороо усаа хэмнэж, дахин ашиглаж хэвшвэл далайд дусал нэмэр гэгч нь болно шүү дээ. Эх сурвалж: CACC Mongolia