АЙМГУУДЫН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗРУУДАД, НИЙСЛЭЛИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН ХӨГЖЛИЙН ГАЗАР

Албан даалгавар хүргүүлэх тухай

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн 2015 оны хоёрдугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотноо болов. Удирдах ажилтны зөвлөгөөнд УИХ-ын ХХААБХ-ны дарга С.Батболд, БОНХАЖ-ын Дэд сайд М.Хүрэлсүх, Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Булган, яамны болон харьяа байгууллагын газрын дарга, аймаг, нийслэлийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, ТХГН-ийн Хамгаалалтын захиргаад болон Усны сав газруудын удирдах ажилтан, ТББ-ын төлөөлөл, хэвлэл мэдээллийн ажилтан 120 гаруй хүн оролцов.

Зөвлөгөөнд сайдын тавьсан илтгэл, яамны газар, хэлтсийн мэдээлэлд дурдагдсан зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээ, оролцогсдын санал, дүгнэлтэд үндэслэн дараах албан даалгавар гаргав.

1. Улсын хэмжээнд байгаль орчны багц хуулийн хэрэгжилт шаардлага хангахгүй байгаад дүгнэлт хийж, нутаг дэвсгэртээ байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг зохистой ашиглах, нөхөн сэргээх талаарх хуульд заасан бүрэн эрхийн биелэлтийг бүх талын оролцоотойгоор хангуулж ажиллах;

2. Байгалийн үнэ цэнэтэй, онцгой ач холбогдолтой болон доройтолд орсон газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах асуудлыг судалж, холбогдох хуулийн дагуу саналаа яаманд яаралтай ирүүлэх, шаардлагатай газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах, тэдгээрийн менежментийг сайжруулах;

3. “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал ашиглах, хайхыг хориглох тухай” хуулийг хэрэгжүүлэх зорилгоор усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хилийн заагийг яамнаас гаргасан аргачлалыг үндэслэн тогтоож, аймаг, сумын ИТХ-аар баталгаажуулах ажлыг мэргэжлийн арга зүйн удирдлагаар хангаж, цаг алдалгүй зохион байгуулах;

4. Байгаль орчныг хамгаалах тухай болон байгалийн нөөцийн талаарх хуулиудад “Хууль, гэрээнд заасан журмын дагуу иргэн өмчийн болон эзэмшлийн, аж ахуйн нэгж, байгууллага эзэмшлийн газар дээрээ өөрийн өмч хөрөнгөөр тарьж ургуулсан ой мод, ургамал, өсгөж үржүүлсэн амьтан болон хурын усыг хуримтлуулах замаар байгуулсан усан сан, нуур, цөөрмийг өмчилж болно” гэсэн хуулийн заалт үйлчилж байна. Иймд уг заалтыг хэрэгжүүлэхэд иргэн, иргэдийн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад мэргэжлийн болон санхүүгийн туслалцаа үзүүлж, иргэдийн ажлын байр, орлогын нэмэлт эх үүсвэрийг тогтвортой нэмэгдүүлэх, улмаар тэдгээрийг өмчтэй болгоход орон нутгийн бүх шатны ИТХ, Засаг дарга, иргэн, иргэдийн нөхөрлөл, аж ахуйн нэгж, мэргэжлийн болон ТББ-тай хамтран ажиллах;

5. Байгалийн нөөц, түүний дотроос ой мод, амьтан, ургамал, ашигт малтмалын хууль бус ашиглалтыг таслан зогсоож, байгаль орчин, байгалийн нөөцөд учирсан хохирлыг тооцож, нөхөн төлүүлэх, барагдуулах ажлыг хууль тогтоомжийн дагуу шинэ түвшинд гаргах;

 

6. Орон нутагтаа аялал жуулчлалыг хөгжүүлэхэд бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлэн, дэд бүтцийг хөгжүүлэх, аялал жуулчлалын мэдээлэлийн сан бүрдүүлэх ажлыг хариуцан хэрэгжүүлэх;

7. Улсын тусгай хамгаалалттай газар нутаг дахь аялал жуулчлалын баазуудыг аттестачилж, стандартыг мөрдүүлж ажиллуулах;

8. Ихэнх аймгийн нутгаар цас багатай, өнөтэй сайхан өвөл болж байгаа хэдий ч хаврын улирлын үргэлжлэх хугацаа уртсах төлөвтэй байгаа тул хавартаа хүчтэй шороон болон цасан шуурга шуурах зэргээр ан амьтан, мал аж ахуйд хүндрэл учруулах, ой, хээрийн түймэр олонтоо гарч болзошгүйг анхаарч, түүнээс урьдчилан сэргийлэх, шуурхай унтраах ажлын бэлтгэлийг орон нутгийн удирдлагатай хамтран хангаж ажиллах;

9. Хөвсгөл, Завхан, Архангай, Булган зэрэг ой бүхий аймаг, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоол гарган мод, модон материалыг өөр аймаг, суманд худалдахыг хориглож байгаа нь “Өрсөлдөөний тухай” хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсгийг зөрчиж байгааг анхааралдаа авч энэхүү зохисгүй үйлдлийг таслан зогсоох;

10. Байгаль орчны хууль тогтоомж, түүний хэрэгжилтийн талаар сурталчилгааг тогтмолжуулж, бүх нийтэд байгаль орчны боловсрол олгох эко сургуулийг дэмжих ажилд шаардагдах зардлыг гаргаж, иргэдийг мэдээллээр хангах ажлыг дотоод нөөц бололцоогоо дайчлан хамтарч ажиллах;

11. Улаанбаатар болон бусад төв, суурин газрын хөрсний бохирдлыг багасгах ажлыг эхлүүлэн бодит үр дүнд хүргэх, гэр хорооллын айл өрхийн ариун цэврийн байгууламжаас үүдэлтэй хөрс, орчны бохирдолын стандартын шаардлагыг хангуулж ажиллах талаар орон нутгийн бүх шатны байгууллагатай хамтарч ажиллах;

12. Туул голын дагуу сав газарт оршин суугаа аймаг, нийслэл, сум, дүүргийн удирдлагуудад бохирдлыг бууруулах, нөхөн сэргээх талаар “Хатан Туул” хөтөлбөрийн биелэлтийг хангаж ажиллах, улирал бүр тайлангаа яамны Газар зохион байгуулалт болон усны нэгдсэн бодлого зохицуулалтын газарт ирүүлэх;

13. 2015 онд “Хоггүй хот” уриан дор нийслэл, аймгууд санаачилга гарган идэвхитэй ажиллах, болзол зарлан шилдэг сум, дүүрэг, төв суурин газрыг шалгаруулан дүгнэх;

14. Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Хөвсгөл, Завхан, Дорноговь, Өвөрхангай, Хэнтий аймгийн төвд Засгийн газрын тусгай сан болох Цэвэр агаарын сангийн санхүүжилтээр “Сайжруулсан зуух” хөтөлбөрийг хэрэгжүүлэх;

15. Хангайн нурууны БЦГ, Хан-Хэнтийн УТХГ, Хөвсгөлийн БЦГ, Улаан тайгын УТХГ, Орхоны хөндийн БЦГ, Онон балжийн БЦГ, Тужийн нарсны БЦГ, Тарвагатайн нурууны БЦГ, Хан хөхий, хяргас нуурын УТХГ, Увс нуурын ай сав газрын УТХГ, Монгол алтайн нурууны УТХГ, Горхи-Тэрэлжийн БЦГ, Зэд хантайн бүтээлийн нурууны ДЦГ, Отгонтэнгэрийн УТХГазруудын зөвшөөрөгдсөн бүсэд ойн цэвэрлэгээний ажил гүйцэтгэх мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах;

16. Орон нутагт байгуулагдсан байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлийн үйл ажиллагааг бодлогоор дэмжиж ажиллах;

17. “Хууль бус мод бэлтгэлээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай” Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 01 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийг хангаж, тайланг энэ оны хагас болон бүтэн жилээр гаргаж, яаманд ирүүлэх;

18. Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд, Сангийн сайдын 2013 оны хамтарсан тушаалаар баталсан “Ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээг төлөвлөх, зохион байгуулах, санхүүжүүлэх, таримал ойг үнэлэх, улсын ойн санд худалдан авах журам”-ын биелэлт туйлын хангалтгүй байгаад дүгнэлт хийж, тус журмын заалт нэг бүрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, журмын 2.1-д заасны дагуу дараа оны хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төслийг 2 дугаар сарын 1-ний дотор яамны Ойн бодлого, зохицуулалтын газарт ирүүлж байх, ойжуулсан талбайг 3 жилийн турш арчилгаа, тордолт, нөхөн тарилт хийсний дараа ойн санд хүлээн авдаг журмыг мөрдүүлж, хэвшүүлэх зэрэг болно.

БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН ХӨГЖИЛ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД                                                 Д.ОЮУНХОРОЛ