-НӨХӨН СЭРГЭЭХЭЭР ОЧСОН КОМПАНИ Ч АЛТ УГААХ ЭРХТЭЙ ЮҮ-

Өнгөрсөн оны дөрөвдүгээр улирал орчимд Дорноговь аймгийн Дэлгэрэх суманд алт гарсан. Хаана л алт илэрсэн сургаар хол ойрыг үл ажрах гар аргаар алт олборлогчид буюу нинжа нарын нүүдэл тус сум руу чиглэжээ. Нутгийн иргэний мэдээллэж буйгаар өнөөдөр ч тус суманд газраар мөлхсөн хүмүүсийн тоо буураагүй байгаа аж.

Нутгийн иргэн хэлэхдээ “Нинжа нар өнөөдөр хүртэл өвлийн хүйтнийг эс тоон найр наадам болж байгаа юм шиг бужигнаж байна” гэсэн юм.  Зарим эх сурвалж Дэлгэрэхийн талд 10 мянган нинжа ороод, талыг там болгоод хаячихлаа хэмээн халаглав.

Дээхнэ Дорноговь аймгийн нутгийн зөвлөлөөс тус сумын сэндийлсэн хөрсөнд нөхөн сэргээлт хийх компанийг шалгаруулжээ. Харамсалтай нь баахан нинжа нарын компани шалгарчихсан талаар нутгийн иргэд хэлж байна.

Учир нь нөхөн сэргээлт хийнэ гэсэн өнөөх компани нь Дэлгэрэхийн тал тийш өч төчнөөн усан буу, алт угаадаг тоног төхөөрөмж аваачжээ. Нөхөн сэргээлт хийхэд ийм багаж тоног төхөөрөмж хэрэгтэй эсэхийг өөрсдөөс нь лавлахаар “Бид нөхөн сэргээлт хийхийн тулд бензин тосныхоо мөнгийг олох хэрэгтэй биз дээ” хэмээн хээв нэг хэлээд зогсож байдаг аж.

Дэлгэрэхийн талд хараа хяналтгүй, энэ мэт зүй бус үйл ажиллагаа нүүрлэж байгаад нутгийн иргэд харамсаж байгаагаа дуулгалаа. Зарим нэгний мэдээлснээр, тус сумын Засаг Чандмань уулын баруун урдаас алт гарч, гадны болон нутгийн иргэд нөхөрлөл байгуулан тэндээс алттай шороо аван угаадаг байна.

Албан бус мэдээллээр, 300 гаруй хүн тэндээс алттай шороо аван угааж байгаа бололтой. Нутгийн иргэд өдөрт 5000, өөр аймаг сумаас ирсэн хүмүүс 10 мянган төгрөгөөр алттай шороо аван угаадаг. Зарим аймаг, сумын Засаг дарга “нинжа” нарыг алт байгаа газарт оруулчихдаг тохиолдол ч гардгийг нутгийн иргэн мэдээлэв.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here