МҮОНРТВ-ээр Дэлхийн усны өдөрт зориулсан хэвлэлийн бага хурал хийв

0
1684

Өнөөдөр МБОИЗ болон Усны төлөө түншлэл ТББ хамтран МҮОНТВ-ээр Уснөөц, ашиглалт, хадгалалт, хамгаалалтын талаар хэвлэлийн бага хурал хийв.

Дэлхийн усны өдрийг жил бүрийн 3 сарын 22-ны өдөр тэмдэглэдэг уламжлал тогтоод 20 гаруй жил болж байгаа бөгөөд Дэлхийн усны өдрийг тэмдэглэх сэдэв нь усны хамгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэдэг бөгөөд өнөөдөр экологийн сүйрэл, хямрал бодитой болж, байгалийн баялаг, түүний дотор усны нөөцийг асар харалган ашиглаж, дэлхийн цэвэр цэнгэг усны нөөц дуусах дохиог 2020 оноос хүртэх аюул нүүрлэсэн, дэлхийн хүн амын 40% нь ундны цэвэр усны гачаалд орсон нэг секундэд усны гачаалаас болж  3 хүүхдийн амь эрсдэх аюул нүүрлэсэн, дэлхийн хүн ам, хүнс тэжээлийн хангамж улам бүр нэмэгдэж, эдийн засгийн хөгжил уналтад орж байгаа шалтгааны эх сурвалж усны асуудал болж байгаа учраас “Ус ба тогтвортой хөгжил” сэдвээр дэлхийн усны өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна.

“Ус бол амьдрал”, “Ус бол хөгжил”, “ус алтнаас үнэтэй”, “ус үгүй бол амьдрал үгүй” гэдэг үгнүүд хоосон үг биш бодит амьдралд тулсан, үндэсний аюулгүй байдалд нүүрлэх “түгшүүр” болж байна.

Монгол улс дэлхийн нэн ядмаг нөөцтэй гэх 22 орны тоонд багтдаг, хуурай, хуурайвтар бүс нутагт, Төв Азийн өндөрлөг уулст оршдог, усны нөөц нь хур чийгнээс хамааралтай, нийт нутаг дэвсгэрийн 70% хувь говь, цөл, хээрийн бүс нутгаас бүрддэг орны хувьд усны нөөцийн менежментийг маш зөв оновчтой шийдэж байж ирээдүйд тогтвортой хөгжих болно.

Өнөөдөр Монголчууд ундны цэвэр цэнгэг усаараа машинаа угаадаг, нойлын усаа татдаг, гудамж талбай, ногоон байгууламжаа усалдаг, барилгын шавраа зуурдаг, үйлдвэрийн технологийн хэрэгцээ, уул уурхайн олборлох, баяжуулах үйлдвэрлэд ашигладаг гээд усны нөөцийг дэндүү замаан хэрэглэж байгаа нь ирээдүйн тогтворгүй хөгжил, эдийн засаг, экологи, нийгмийн хямралыг дуудсан, “буруу зам руу будаа тээсэн” үйл ажиллагаа руу төр, засаг нь хөтөлж байна.Нэг талаасаа гүний сайхан цэвэр усыг аваад нөгөө тал руугаа бохирдуулж хаядаг ийм тогтолцоо зөвхөн Монголд үйлчилж байна, үүнийг өөрчилж, шинэчилж шийднэ гэж Засгийн газартаа найдаж байна.

Дэлхийн усны өдрийг Монгголын төр, Засгийн газраас тэмдэглэж, ач холбогдол өгөх нь байтугай мэдэх ч үгүй явж байгаа нь харамсалтай байна, жил бүр нэр төдий л хандаж байгаа энэ хандлага ирээдүйн үр хүүхдүүд, хойч үе маань Монголчуудад усаар гачигдаж, багагүй хүндрэл бэрхшээл амсах үүд хаалгыг нээсээр байна.

Манай орны усны нөөцийн 90 гаруй хувь гадаргуйн усны нөөцөөс бүрддэг, харин газар доор байгаа цэвэр цэнгэг усны нөөц нийт нөөцийн өчүүхэн хувь буюу 10% хүрэхгүй байгаа боловч ус ашиглалтынхаа 90% гаруй хувийг газрын доорхи ус буюу гүний худгаас ус хангамжаа шийдэж байна.Газрын доорхи усныхаа нөөцийг хайр найргүй, бодлогогүй ашигласнаас улс орнууд гүн хямралд орж байгаа жишээ олон байна.

Уур амьсгалын өөрчлөлт, хэт дулаарал, хүлэмжийн хий, ган, цөлжилт, хар, цагаан зуд, антропоген нөлөөлөл буюу хүний хүчин зүйлийн сөрөг нөлөөлөл гээд олон хүчин зүйлээс үүдэлтэй усны нөөц хомсдож, багасаж байгаа олон жишээ баримтууд байна, сүүлийн жилд хатаж, ширгэж байгаа нуур, цөөрөм, гол, горхи, булаг шандны тоо нэмэгдсээр, мөнх цас, мөсөн голууд хайлсаар, “намаг гэсэх” үзэгдэл бий болж хөрсний нуралт үүссээр экологийн гамшиг нүүрлэсээр байгаа ч төр, засгаас дорвитой арга хэмжээ авахгүй байна.

Монголын ард түмэн цэвэр, эрүүл мэндийн шаардлага хангасан ундны цэвэр усаар хангагдаж чадахгүй, нийт хүн амын 60%  буюу 1,8сая хүн баталгаат ус хангамжийн эх үүсвэрээс усаар хангагдаж чадахгүй байна. Хорт хавдар, элэг, цөс, ходоодны өвчлөлөөр амь үрэгдэж байгаа хүмүүсийн үхлийн шалтгааны дийлэнх нь усны чанар, эрүүл ахуйн асуудалтай холбоотой байгааг судалгаа харуулж байна.

Хамгийн үнэ цэнэгүй, үнэлэмжгүй зүйл нь ус болсон байна, 100 төгрөгөөр нэг бохь юм уу эсвэл нэг хайрцаг шүдэнц авч байхад, харин 100 төгрөгөөр 100л ус авч болно, гэтэл савласан 500грамм усыг 750 төгрөгөөр авч уужбайна.

Иймээс усыг эргүүлэн ашиглах “саарал усны” технологийг хөгжүүлэх, бохир усыг цэвэршүүлэн халдваргүйжүүлэх, дахин ашиглах эдийн засгийн хөшүүрэг механизм бүрдэхгүй, төрийн эрх зүйн зохицуулалт үгүйлэгдэж, усны нөөцийг арвилан хэмнэх, усанд гамтай хандах нийгмийн сэтгэл зүй бүрдэхгүй байгаа юм.

Монгол улсын усны хэрэглээ жилээс жилд асар хурдацтай өсөн нэмэгдэж байна, жишээ нь жилд 460сая шоометр ус ашиглаж байсан бол одоо 730сая шоометр болж усны хэрэглээ бараг 2 дахин нэмэгдсэн байна, шинээр орон сууц барих, үйлдвэр байгуулах, амьдралын орчин нөхцөл сайжрах, бизнесс хөгжихтэй уялдан усны хэрэглээ цаашдаа ч тууштай өссөөр байх болно.

Иймд энэхүү өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг хэрхэн яаж, ямар усны эх үүсвэрээс хангах нь тодорхой биш, 2020 онд, 2030 онд цаашлаад 2050 онд усны хэрэглээ ямар болж өсөх юм, түүнийг яаж хангах юм гэдэг бодлого, үйл ажиллагаа бүрхэг байна.?

Монгол улс гадаргуйн усаа хуримтлуулан томоохон нуур цөөрөм үүсгэж, түүнээсээ хүнс тэжээл, эрчим хүч,  аялал жуулчлал, хөдөө аж ахуйгаа хөгжүүлж, усны аюулгүй байдлаа хангаж, тогтвортой хөгжих нь стратегийн ач холбогдолтой болж байна.Гадаргуйн усаа түлхүү ашиглах бодлогыг тууштай хэрэгжүүлж, говийн бүсэд байгаа эрдэс баялагаа ашиглах, бэлчээр усжуулах замаар ард иргэдээ баталгаат амьдралтай болгох, усны нөөцийг зүй зохистой ашиглах нь чухал байна.

Усны нөөц бохирдосноос халвдарт өвчлөл үүсэх, байгаль орчин, хөрс, ус бохирдох нь ихэслээ, Монголчууд эрт дээр үеэс усаа цэвэр ариун байлгах сайхан уламжлалтай, бичигдээгүй хуультай ард түмэн байлаа, “Ус бохирдуулсан бол цаазлах ялтай байлаа, бохир ус уусан мал, амьтан үхэх учраас амь настай нь хариуцлага тооцож байжээ. Өнөө үед ус бохирдуулсан дарга нар төрийн гавьяа шагнал авдаг болжээ? бохир ус цэвэрлэх ёстой байгууламжууд байгаль орчныг бохирдуулагч “эх үүсвэр” болж байна.Бүх юмыг “эдийн засгийн хямрал, төсөв мөнгө байхгүй” гэдэг нэрээр гаргуунд нь хаях нь харин ч эсрэгээрээ хямралын “өвчнийг” улам сэдрээж “нэмэгдэл” хямралыг үүсгэх учраас усаа зөв зохистой бодлоготой ашиглах тогтвортой хөгжих нөхцлийг бүрдүүлэх болно.

Уг хэвлэлийн бага хурлаар  усны салбарын өмнө тулгамдсан олон асуудал байгааг олон нийтэд хүргэлээ.

2015 оны 3 сарын 22-ны өдөр Дэлхийн усны өдрийг Монголын Байгаль орчны Иргэний зөвлөл, Монголын Усны Түншлэл ТББ хамтран Чингисийн талбайд олон нийтэд, нийгэмд, эрх баригчдад хандан усны асуудалдаа анхаарч, нэгдэхийг уриаласан арга хэмжээг зохион байгуулах бөгөөд олон нийтийг идэвхитэй оролцохыг уриалав. Энэ арга хэмжээний үеэр хүүхэд залуучууд, олон нийтийг усны хэрэглээ, ашиглалтанд хандах хандлагаа өөрчлөхөд туслах танин мэдэхүйн арга хэмжээ зохион байгуулах болно.

МҮОНРТ, Хэвлэлийн хурал, 2015.03.20        

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here