БОНХАЖЯ-наас санаачлан “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”-ийг эхлүүлж байгаагаа өнөөдөр зарлаж, БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол, тус яамны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Банзрагч нар хэвлэлийн бага хурал хийлээ.
БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол хэвлэлийн бага хурлын эхэнд, Байгаль дэлхийтэйгээ харьцаж, зохицолдон амьдарч ирсэн монголчуудын амьдрах орчин сүүлийн жилүүдэд эрс доройтож, хүн амын 50 гаруй хувь нь амьдарч байгаа Улаанбаатар хотод агаар, хөрсний бохирдол аюулын харанга дэлдэж байна. Энэ гамшгийн эсрэг тэмцэх хамгийн зөв гарц бол байгаль өөрөө өөрийгөө нөхөн төлжих бололцоог бий болгож мод тарих юм.
Тиймээс дэлхийн хүн төрөлхтний чиг хандлага болсон Тогтвортой хөгжлийн бодлого, Ногоон хөгжлийн бодлогодоо нийцүүлэн Нэг сая модыг тарьж, ургуулах хөдөлгөөнийг орон даяар өрнүүлж, мод тарих, арчлах, мэдлэг дадал, туршлагыг бүх насны хүмүүст олгох , модыг зөвхөн тарих биш “ ургуулах”, Монгол улсын насанд хүрсэн иргэн бүрийг оролцуулах, бодит үр дүнд хүрсэн байх зорилго бүхий хөдөлгөөнийг эхлүүлж байна” гэлээ.
“Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”-ийг энэ сарын 15-наас ирэх есдүгээр сарын 15, аравдугаар сарын 1-нээс арваннэгдүгээр сарын 1 гэсэн хоёр үе шаттай өрнүүлэх ажээ. Эхний үе шатанд нэг сая мод тарьж, арчилна, хоёрдугаар үе шатанд модоо нөхөн тарьж, цэнэг усалгаа хийх ажлыг хийхээр төлөвлөсөн байна.
Энэхүү арга хэмжээ нь Ойн тухай хуулийн 31.1-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга бүх нийтээр мод тарих сарын ажлыг жил бүр зохион байгуулж, 16 насанд хүрсэн иргэн бүр нэг, аж ахуйн нэгж, байгууллага таваас доошгүй мод тарьж ургуулах, услах, арчлах бөгөөд өөрийн хүчээр гүйцэтгэх боломжгүй тохиолдолд зардлыг хандивлана” гэсэн заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны “Мод тарих үндэсний өдөр”-ийг зарлах тухай 63 дугаар зарлиг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны Нийслэл Улаанбаатар хотод Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг, хот, тосгон, аймаг, сумдын төвд цэцэрлэгт хүрээлэн байгуулах, тэдгээрийг сэргээн засварлаж тохижуулах 178 дугаар зарлигийн хэрэгжилтийг эрчимжүүлж, байгаль орчныг хамгаалах, орчны бохирдол, доройтлыг бууруулж, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах замаар Тогтвортой хөгжил, Ногоон хөгжлийн бодлогоо хэрэгжүүлэх зорилготой юм.
Судалгаанаас үзэхэд 50 жил ургасан нэг мод амьдралынхаа туршид 38 сая төгрөгөөр үнэлэгдэх хүчилтөрөгч ялгаруулж, 75 сая орчим төгрөгийн агаар цэвэршүүлэх экологийн үйлчилгээ үзүүлж,197 сая орчим төгрөгөөр үнэлэгдэх усыг эргэлтэд оруулж, 197 сая орчим төгрөгөөр үнэлэгдэхүйц хөрсний элэгдлийг хамгаалах үйлчилгээ үзүүлдэг байна.
Сайд Д.Оюунхорол “Улаанбаатар хотын иргэдийг амьдрах орчныхоо төлөө “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”-д онцгой идэвхтэй оролцож, хашаа хороондоо бүгдээрээ мод тарьж, ургуулья, баг хороо бүр бичил цэцэрлэгтэй болъёо, байгууллага, аж ахуйн нэгж бүр өөрийн төгөл, өөрийн ойтой болъё” гэж уриаллаа.
Энэ хөдөлгөөнийг улс даяар өрнүүлснээр байгаль орчноо хайрлан хамгаалах, ард иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх, мод, сөөг тарьж, арчилж, ургуулах арга технологид сургах, амьдрах орчноо цэцэрлэгжүүлэх ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, эрүүл, аюулгүй, таатай орчинг бүрдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой гэж үзэж байгаа ажээ.
Мод тарихад модоо хаана тарих вэ, тарьц, суулгац хаанаас, хэрхэн авах вэ гэсэн хоёр асуудал тулгардаг. Тэгвэл иргэдийн хувьд эхний ээлжинд хашаа, хороондоо, боломжгүй бол баг хорооныхоо бичил цэцэрлэгт , цэцэлэгт хүрээлэнд мод тарих боломжтой бол аж ахуйн нэгж байгууллагууд өөрийн төгөл бий болгох газраа Байгаль орчин, аялал жуулчлалын газар, ойн анги, сум дүүргийн Засаг даргаас авна. Харин тарьц, суулгацыг мод үржүүлгийн бизнес эрхэлдэг хувийн аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж, үзэсгэлэн худалдаа зохион байгуулах замаар иргэдэд хөнгөлөлттэй үнээр тарьц, суулгац нийлүүлэхийг зорьж байгаа гэдгээ сайд Д.Оюунхорол дуулгалаа.
“Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”-ийг нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийнтөвболонбүх сумдыгхамран хэрэгжих аж. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан манай оронд 1940-2007 онд агаарын жилийн дундаж температур 2,1 хэмээр дулаарч, хөрснийууршилт 118,1 хувиар нэмэгджээ.
Мөн байгалийнбүсбүслүүрүүдэдунаххуртунадасныхэмжээ 30-40 мм-ээрбуурч байгаа нь гадаргын усны хэмжээ багасахад нөлөөлж байна. Улаанбаатар хотын утаа, тоосжилт хүний эрүүл мэнд, амьдрах орчинд сөргөөр нөлөөлсөөр байгаа аж. Хот, суурин газрын нэг хүнд ногдох ногоон байгууламжийн талбайн хэмжээ дэлхийн дундаж 24 м2 байхад нийслэлд нэг хүнд ногдох ногоон байгууламжийн талбайн хэмжээ 2014 оны байдлаар 3,2 м2 байна. Өөрөөр хэлбэл, Улаанбаатарчууд дэлхийн дунджаас даруй 7,5 дахин бага ногоон байгууламжтай хотод амьдарч байна гэнэ. Тиймээс уг хөдөлгөөнийг эхлүүлэхээр болжээ.
“Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”-ийг орон даяар өрнүүлснээр төв, суурин газрын байшин хорооллын айлууд байрныхаа орчимд, гэр хорооллын айлууд хашаандаа мод ургуулсан байна, Аж ахуйн нэгж, байгууллага бүр ногоон байгууламжтай болсон байна, Авто болон төмөр замын хажуугаар ногоон байгууламж бий болох, баг, хороо бүр бичил цэцэрлэгт хүрээлэнтэй болох зэрэг хэд хэдэн үр дүнг хүлээж байгаа аж.
Уг хөдөлгөөнийг Ойн тухай хуулийн 31.1 заалтын дагуу хуримтлуулсан хөрөнгө, Ойн тухай хуулийн 30.1 заалтын дагуу хуримтлуулсан хөрөнгө,”Байгаль хамгаалах сан” “Цэвэр агаар сан” –гийн эх үүсвэрээр санхүүжүүлэх юм байна.