С.Гантулга: Иргэн бүр нэг мод тарих үүрэгтэй

0
1460

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”-ийг эхлүүлж буйгаа мэдэгдсэн билээ. Мод тарих хөдөлгөөнийг нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн төв болон бүх сумдыг хамруулах юм байна. Энэ талаар Ойн судалгаа хөгжлийн төвийн захирал С.Гантулгатай ярилцлаа.

-Хаана мод тарих вэ. Иргэдийн дунд зөвхөн төв суурин газарт тарина гэсэн ойлголт байх шиг байна?

-Сайдын санаачлагаар “Нэг сая мод ургуулах” хөдөлгөөн энэ сарын 15-наас эхэлнэ. Энэ хөдөлгөөн нийт хоёр үе шаттай хэрэгжих юм. Ингэхдээ бид нэг сая мод тарихдаа биш тарьсныгаа ургуулахад гол ач холбогдол өгч байгаа. Зөвхөн Улаанбаатар хотод биш, улсын ойн сан бүхий газарт тарина. Зарим хүн нэг сая модоо төв суурин газруудаар тарих юм шиг ойлгоод байгаа. Тийм биш. Баг, хороод бичил цэцэрлэгтэй болж, мод тарьж болж байна. Байгууллага болгон өөрсдийн эзэмшил газраа мод тарьж болж байна. Боломжтой бол айл өрхүүд ч хашаандаа мод тарьж болно шүү дээ. Хашаандаа мод тарих боломжгүй иргэд орон нутгийн байгаль орчны нэгжүүдийн дансанд нэг мод тарих мөнгийг хийх ёстой. Энэ мөнгөөр тендерт шалгарсан аж ахуй ойжуулалт хийнэ. Үүнд орон нутгийн байгаль орчны газар болон ойн ангийнхан хяналт тавьж, тухайн мөнгө төлсөн иргэнд мэдээлэх юм.

-Нэг сая модыг хаанаас авах вэ?

-Бид байгалийн ойгоос мод авахын эсрэг байгаа. Таримал ойгоос мод авна. Мод жижиг байх тусмаа сайн ургадаг. Өөрөөр хэлбэл, залуу мод тарих тусам амьдрах чадвар өндөртэй байдаг.

-Модыг шилжүүлж, суулгахад модны үндсийг гэмтээх тохиолдол гарах байх. Гэмтээхгүйгээр яаж шилжүүлэх вэ?

– Модыг шилжүүлэх технологи нь модыг унтаж байгаа үед үндэсийг нь тойруулж ухаж авдаг. Модны үндэс хаашаа явсныг гараараа ухаж мэднэ. Манайд модыг технологиор нь шилжүүлэх төвшинд хүрсэн гэхэд хэцүү. Модыг шилжүүлж, суулгах чадвартай хүн цөөхөн бий. Дээр нь модны үндсийг дагасан газраас шим тэжээлээ авдаг олон нарийн судал байдаг. Үүнийг гэмтээлгүй шилжүүлнэ гэдэг хэцүү л дээ. Үүнээс болж тухайн модны амьдрах чадвар нь буурдаг. Тиймээс байгалийн мод авахгүй гэж байгаа. Бид таримал ойгоос мод авна. Энэ нь байгалийн ой шиг өндөр биш. Мод үржүүлгийн газрын хоёр настай тарьц 40 сантиметр орчим өндөртэй байдаг. Бортгонд ургуулсан бол бүр сайн байдаг. Бортогноос нь гаргаад тарихад үндэс нь гэмтэхгүй гэсэн үг. Яг одоогийн байдлаар эхний арван аймгаас ирсэн мэдээгээр 17 сая 400 мянган тарьц, суулгац байна. Хээрийн бүсэд нэг га талбайд 2500 ширхэг тарьц байх ёстой.

Өөрсдөө мод тарих боломжгүй иргэд ойжуулах санд сайн дурын үндсэн дээр мөнгө тушаах уу?

-Ойн тухай хуулийн 31 дүгээр зүйлд иргэн бүр нэг мод, байгууллага таваас доошгүй мод тарих ёстой гэж заасан байдаг. Хуулийн хүрээнд иргэний үүргээ биелүүлж нэг мод тарих, эсвэл нэг мод тарих мөнгийг санд өгөх юм. Өнөөдөр Улаанбаатар хотод нэг мод тарих өртөг нь 5000 төгрөг байгаа.

                                        Эх сурвалж: Үндэсний шуудан