Монгол орны нутаг дэвсгэрийн 40 гаруй хувийг салхины эрчим хүч ашиглан цахилгаан үйлдвэрлэхэд тохиромжтой газар нутаг эзэлдэг байна. Тиймээс энэ нөөцийг ашиглан Монгол Улсад хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбон ашиглах хэд хэдэн салхины эрчим хүчний томоохон төслүүд хэрэгжиж байна.

Эдгээр төслийн нийт хөрөнгө оруулалт нь 1 тэрбум гаруй сая ам.доллар болох юм.

1.Салхит салхин цахилгаан станц
Улаанбаатар хотоос 70 км орчим зайтай Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт төвийн эрчим хүчний сүлжээнд холбогдон ажиллаж буй 49.6 МВт-ын салхин цахилгаан станц юм. Салхин цахилгаан станцыг хөгжүүлэгч нь Клин Энержи ХХК бөгөөд Ньюком ХХК, АНУ-ын Женерал Электрик, Европын сэргээн босголт, хөгжлийн банз болон Нидерландын хөгжлийн санхүүжилтийн корпорацын хөрөнгө оруулалтаар энэ салхин цахилгаан станц байгуулагджээ.

Салхит салхин цахилгаан станц нь 110 кВ-ын 28 км урт хоёр хэлхээт дамжуулах шугам, дэд станц, тус бүр нь 1.6 МВт хүчин чадалтай 31 салхин цахилгаан үүсгүүрээс бүрдэх 49.6 МВт-ын нийлбэр хүчин чадалтай бөгөөд нийтдээ 120 сая ам.долларын хөрөнгө оруулалттай.

Салхин цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажилд Мянганы сорилтын сан ихээхэн чухал үүрэг гүйцэтгэж, Налайхын дэд станцын өргөтгөл, Диспетчерийн Үндэсний төвийн хяналт, зохицуулалтыг сайжруулах зорилгоор Улаанбаатараас Налайх хүртэл шилэн кабель татах, эрчим хүчний системийн горимын тооцоо хийх симулятор нийлүүлэх зэрэг ажилд шаардлагатай хөрөнгө оруулалтыг санхүүжүүлжээ.

2013 оны зургадугаар сард ашиглалтад орсноос хойш, 2014 оны хоёрдугаар хагас жилд 51.3 сая кВт.ц буюу ТЭХС-ийн нийт түгээсэн эрчим хүчний 1.1 хувийг, 2014 оны эхний хагас жилийн дүнгээр 122.4 сая кВт.ц буюу ТЭХС-ийн нийт түгээсэн эрчим хүчний 2.8 хувийг салхины эрчим хүчнээс нийлүүлээд байна.

Салхит цахилгаан станцын ерөнхий гүйцэтгэгч нь Лэйтон ХХК бөгөөд уг төсөлд дотоодын барилга угсралт, инженерийн 18 компани оролцон ажиллаж, ажлын оргил үед төслийн талбайд 500 гаруй хүн оролцсоны 94 хувь нь Монгол ажилчид байжээ.

2.Оюутолгойн салхин цахилгаан станц төсөл

Нийтдээ 250 МВт-ын суурилагдах хүчин чадалтай Оюутолгой салхин цахилгаан станц төсөл нь өнөөдрийн байдлаар Монгол Улсад хэрэгжүүлж буй хамгийн том салхины эрчим хүчний төсөл юм.

Төслийн хөгжүүлэгч нь Клинтек ХХК бөгөөд уг төслийг хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Эхний үе шат болох 102 МВт-ын суурилагдах хүчин чадалтай цахилгаан станц нь 2016 онд ашиглалтад орох ба Оюутолгой дэд станцад холбогдон ажиллана.

Энэ 102 МВт-ын хүчин чадалтай салхин цахилгаан станцыг хөгжүүлэхэд нийтдээ 200 сая ам.долларыг зарцуулах бөгөөд төслийн хөрөнгө оруулагчаар Швед болон БНХАУ-ын компаниуд ажиллаж байна.

Төслийн эхний ээлжинд 102 МВт-ын станц ашиглалтад орсноор 360 сая кВт.ц цахилгааныг ТЭХС-д нийлүүлэх, 430 мянган тоннтой тэнцэхүйц хэмжээний нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулах 300 орчим мянган айл өрхийн жилийн хэрэглээтэй тэнцэх цахилгааныг салхины эрчим хүчнээс үйлдвэрлэх урьдчилсан тооцоотой.

Төслийн хоёр дахь үе шат буюу 148 МВт-ын суурилагдах хүчин чадалтай салхин цахилгаан станцыг ойрын жилүүдэд байгуулж, БНХАУ-ын эрчим хүчний системд салхины эрчим хүчийг экспортлох, цаашлаад салхин цахилгаан станцын хүчин чадлыг өргөжүүлж, Азийн супер сүлжээнд холбогдон ажиллах хэтийн зорилт тавин ажиллаж байна.

3.Сайншанд салхин цахилгаан станц төсөл

Энэ салхин цахилгаан станц нь 52 Мвт-ын суурилагдах хүчин чадалтай бөгөөд Дорноговь аймгийн Сайншанд сумын зүүн хойд хэсэгт 2015-2016 оны хооронд байгуулахаар төлөвлөөд байна.

Төслийг хөгжүүлэгчээр Сайншанд салхин парк ХХК, хөрөнгө оруулагчаар ХБНГУ-ын Ферростаал компани ажиллаж байна.

Салхин цахилгаан станцыг байгуулахад 110 сая орчим ам.доллар шаардлагатай ба ашиглалтад орсноор жилдээ 170 сая кВт.ц цахилгааныг төвийн эрчим хүчний системд нийлүүлж, 200 мянга орчим тоннтой тэнцэхүйц нүүрсхүчлийн хий ялгарлыг бууруулах юм.

Салхин цахилгаан станцын барилга угсралтын ажлыг гүйцэтгэгч болон үндсэн тоног төхөөрөмж нийлүүлэгчийн олон улсын тендерийг 2014 оны долдугаар сард зарласан байна. Өнөөдрийн байдлаар тендерт шалгарсан компанийг тодруулах, гэрээ байгуулах ажлуудад бэлтгэж байгаа аж. Уг салхин цахилгаан станцын барилга угсралтын ажил энэ оны хоёрдугаар улиралд эхэлж, 2016 онд ашиглалтад орох урьдчилсан төлөвлөгөөтэй байна.

4.Чойр салхин цахилгаан станц төсөл

Турк улсын хөрөнгө оруулалттай Айдинер Глобал ХХК-ийн хэрэгжүүлж буй 50 Мвт-ын хүчин чадалтай салхин цахилгаан станцын төсөл бол Чойр салхин цахилгаан станц юм. Говьсүмбэр аймгийн Чойр орчимд байгуулагдахаар төлөвлөгдсөн. Төслийн нийт хөрөнгө оруулалтын хэмжээ нь 100 сая ам.доллар. Жилдээ 140 сая кВт.ц цахилгааныг нэгдсэн сүлжээнд нийлүүлэх урьдчилсан тооцоотой юм байна.

Клин Энержи Ази ХХК

Японы Софт банк болон Ньюком ХХК-ны хөрөнгө оруулалттай Клин Энержи ХХК нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт 50 МВт-ын хүчин чадалтай салхин цахилгаан станц байгуулах тусгай зөвшөөрлийг 2014 оны аравдугаар сард Эрчим хүчний зохицуулах хорооноос авчээ.