УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2015-06-10-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид байх статусыг шинэ түвшинд гаргах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн, гишүүдийн 81.8 хувь нь дэмжсэнээр “Төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ.

Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, М.Батчимэг, Н.Энхболд нар санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн байна.

Монгол Улс аюулгүй байдлаа улс төр, дипломатын аргаар бэхжүүлэхэд чухал ач холбогдол өгч, энэ бодлогын хүрээнд нутаг дэвсгэрээ аль нэг улсын эсрэг ашиглуулахгүй байх, гадаадын цэрэг, зэвсэг, түүний дотор цөмийн болон үй олноор хөнөөх бусад зэвсгийг нутаг дэвсгэртээ байрлуулахгүй байх зорилгоор 1992 онд нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй хэмээн зарлаж, түүнийгээ олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрүүлж баталгаажуулах талаар тууштай арга хэмжээ авч ирсэн байна. Энэ үндсэн дээр 2000 онд Цөмийн зэвсгээс ангид байх тухай хууль баталж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын 19 дүгээр тогтоол гаргажээ.

Монгол Улсын санаачлагыг олон улсын хэмжээнд сайшаан дэмжиж, 1998 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблей “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статус”-ын тухай тогтоол батлан уг асуудлыг хэлэлцэх хэргийнхээ төлөвлөгөөнд оруулан хоёр жил тутам хэлэлцэж, уг статусыг бэхжүүлэхэд Монгол Улстай хамтарч ажиллахыг гишүүн орнууддаа уриалсан шийдвэр гаргажээ. Энэ тогтоолын заалтуудыг хэрэгжүүлэх бодлогын хүрээнд Монгол Улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын таван гишүүн бөгөөд Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай гэрээнд заасан цөмийн зэвсэгтэй 5 гүрэн болох АНУ, ОХУ, БНХАУ, Их Британи, Францтай улстай тус улсын статусыг бэхжүүлэх, түүнд зохих ёсны баталгаа олгох талаар идэвхтэй яриа хэлэлцээ хийсний дүнд эдгээр улсууд 2000, 2012 онд Монгол Улсад улс төрийн баталгаа олгосон. Улмаар Монгол Улсын өвөрмөц статусыг хүлээн зөвшөөрч, тэрхүү статусаа мөрдөх нөхцөлд түүнийг хүндэтгэж, зөрчих аливаа үйлдэлд дөхөм үзүүлэхгүй байхаа нотлон илэрхийлсэн байдаг аж.

2013 онд Олон улсын парламентын Холбоо (ОУПХ), НҮБ-ын Зэвсэг хураах алба болон Дэлхийн ирээдүйн төлөө зөвлөл Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид байх тухай бодлого, энэ талаар УИХ-аас батлан гаргасан хууль, тогтоолыг өндрөөр үнэлж “Ирээдүйг тодорхойлсон бодлогын шагналтан”-ыг тодруулахдаа манай улсын бодлого, хуулийг хүндэтгэлтэйгээр тэмдэглэжээ. Мөн өнгөрсөн онд болсон ОУПХ-ны Ассамблейн хүрээнд зэвсэг хураах чиглэлээр гарсан тэргүүн туршлагын асуудлыг хэлэлцэхдээ манай улсын туршлагыг тусгайлан хэлэлцсэн байна.

УИХ-аас баталсан энэхүү хууль, тогтоолын хэрэгжилтийг Гадаад хэргийн яам нэг удаа, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо гурван удаа гаргаж, уг хууль, тогтоолын заалтууд зохих ёсоор хэрэгжиж байна гэж үзсэний зэрэгцээ өнөөгийн гадаад шинэ нөхцөл байдалд зохицуулан зарим нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзсэн аж. Иймээс Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид байх статусыг улам бататгах, энэ талаар УИХ-аас батлан гаргасан хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, сурталчилгаа, мэдээллийг сайжруулахын тулд нэр бүхий гишүүд энэхүү тогтоолын төслийг санаачилжээ.

Гурван заалттай уг тогтоолын төсөлд Монгол Улс цөмийн зэвсгээс ангид байх статусын талаар хийж буй ажлаа УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд жил бүр мэдээлж байх. Мөн цөмийн зэвсгээс ангид байх статусын болон цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглахтай холбогдсон үндэсний аюулгүй байдлын чанартай асуудлаар шийдвэр гаргахдаа Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс урьдчилан чиглэл авч байхаар тусгажээ. Түүнчлэн цөмийн зэвсгээс ангид байх статусыг бүс нутгийн хэмжээнд урагшлуулах замаар тус улсын аюулгүй байдлыг бүс нутгийн аюулгүй байдалтай холбох, хөрш зэргэлдээ ОХУ, БНХАУ болон Казахстан улстай хил орчмын цөмийн байгууламжуудын талаар мэдээлэл солилцож байх зэрэг үүрэг чиглэлийг Засгийн газарт өгөхөөр тусгасан байна.

Ирэх есддүгээр сард Улаанбаатар хотод болох Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын Ассамблейн өмнө ийм тогтоол гаргах нь улс төрийн хувьд цаг үеэ олсон чухал арга хэмжээ болно гэж төсөл санаачлагчид үзэж байгааг УИХ-ын гишүүн М.Батчимэг танилцуулгынхаа үеэр онцолсон юм.

Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асуух, санал хэлэх гишүүн гарсангүй, хуулийн төслийг дэмжин, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болов.

Мөн тус байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндсийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх байсан ч хэлэлцүүлгийг түр хугацаагаар хойшлууллаа.

Хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Н.Энхболдын тайлбараар бол төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад байнгын хорооны ажлын хэсэг болон ажлын дэд хэсэг хамтарч хуралдаж, зарчмын шинжтэй зарим асуудлаар нэгдсэн ойлголтод хүрэх. Төсөл санаачлагчийн төлөөлөлтэй санал солилцож зарим асуудлыг дахин нягтлах зэрэг шаардлага байгаа аж.

Г.ДАРЬ