УИХ-ын өчигдрийн чуулганаар Засгийн газрааас нэн яаралтай горимоор өргөн барьсан “Гацууртын орд газарт төрийн эзэмшил хувийг тогтоох тухай” тогтоолын төслийг хэлэлцээд дэмжих боломжгүй гэж шийдэв. Ингэснээр Гацууртын гэх тодотголтой энэ хууль хоёр дахь хувилбараараа их хурал дээрээс унаж байгаа нь энэ. Товчоор хэлбэл Гацууртыг ухах гэсэн “Центерра гоулд”-ын бас нэгэн санаархал бүтэлгүйтлээ. Магадгүй сонгуулийн хугацаа дөхсөн энэ үед гишүүд тэдний лоббид автахаас эмээж буй бололтой.

Өмнө нь уг хуулийн төслийг өнгөрсөн цагаан сарын өмнө УИХ-д оруулж хэлэлцүүлээд бараагүй. Гэсэн хэдий ч Ч.Сайханбилэг тэргүүтэй засгийнхан хуулийн төслөө шинэчлэн найруулаад нэн яаралтай горимоор оруулж ирсэн ч Г.Уянга тэргүүтэй эсэргүүцэгчдийн өмнө бас дахин хүчин мөхөсдөв.

Тэр ч бүү хэл засгийн газрын арван гишүүн чуулганд оролцоогүй. Үүнд эгдүүцсэн их хурлын дарга З.Энхболд “Засгийн газар ирцээ бүрдүүлж, төслөө хамгаалж чадаагүй, хохь нь” хэмээн хатуухан хэлсэн юм.

Цагаан сарын өмнө хэлэлцэхдээ Засгийн газар хүү авахгүйгээр 20 хувийг нь эзэмших санал оруулсан. Үүнийг нь дэмжээгүй. Тэгвэл энэ удаа 34 хувийг төр эзэмшинэ гэж оруулж ирсэн. Тусгай рояалти гэдэг нь төрийн эзэмших тодорхой хувийг орлуулж, дүйцүүлж байгаа  асуудал. Тэгэхээр хөрөнгө оруулагч өөрөө тухайн ордыг нээсэн бол төрийн эзэмшил дээд хэмжээгээр буюу 34 хувь байх хуулийн заалт байдаг. Хөрөнгө оруулагч нь Центрра Гоулд компани юм. Одоо оруулж ирж буй санал нь тусгай төлбөрөөр дүйцүүлэн төрөөс мөнгө гаргахгүйгээр эзэмших санал юм. Энэ 34 хувьдаа тааруулаад тав хүртэлх хувийн тусгай рояалти авбал ойролцоогоор 3 орчим хувь дээр очих боломж байна гэж Ажлын хэсэг санал гаргасан. Үүнийгээ УИХ-д оруулж танилцуулахаар болсон.

Ойролцоогоор нийтдээ 78 хувийн татвар авах бололцоо бүрдэж байгаа. Гэхдээ уг хуулийн төсөлд манай улс 2019 он хүртэл суурь  рояалтигаа  2.5 хувь  болгон  бууруулсан, өсөн нэмэгдэх рояалтийг 2019 он хүртэл алтан дээр хэрэглэхгүйгээр зааж өгсөн.

Хөрөнгө оруулагч талд 2019 он хүртэл  ашигтай, түүнээс хойш маш өндөр хэмжээний  татвар төлнө гэсэн үг.  Хэрэв бид ногдол ашиг авна гэвэл хүлээх болно, тусгай рояалтиг газар ухаж эхэлснээс хойш аваад эхэлнэ.

Хөрөнгө оруулахаар эрмэлзэж буй тус компани нь “алтан үе”-ээ өнгөрөөж буй Канад компани гэхэд болно. Учир нь манай “Бороо”-гийн алтыг бүгдийг нь авч дууссан. Киргиз дэх том алтны орд нь улс төрийн болон нийгмийн томоохон эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм. Тэр ч утгаараа өнөөдөр тус компанийн хувьцааа унаж байгаа.

Хайгуулын лицензийг эзэмшдэг уг компанийн Гацууртыг ухах санаархал бүр хэдэн жилийн өмнөөс эхлэлтэй боловч “Урт нэртэй хууль” батлагдсан гарснаар тэдний мөрөөдөл талаар болсон. Харин тэд бууж өгөхийг хүссэнгүй. “Чөдөр” болсон хуульд өнгөрсөн намрын чуулганаар өөрчлөлт оруулж уг ордыг Стратегийн орд газарт хамааруулж чадсан. Үүнийхээ дараагаар “Гацуурт”-ыг ухахаар хоёр ч удаа дайралт хийгээд бүтэлгүйтэв.

Засгийн газрын зүгээс “Центерра гоулд” компанитай арван жилийн хугацаатай гэрээ байгуулах гэж байгаа. Манайх 2019 оноос ашгаа хүртэж эхэлнэ гэсэн гоё үгтэй гэрээг байгуулна. Гэвч бидний хүссэн зүйл талаар болох магадлалтай. Учир нь Бороогийн ордоос Ноён уулын сав газар хэдхэн км-ын зайтай. Техник технологи нь бэлэн компани бидний алтыг 2019 оноос өмнө хэдхэн жилийн дотор ухаад гарах боломжтой шүү дээ. Алтныхаа ихэнхийг ухуулчихсан бид 2019 оны талаарх гоё зүүдээ мартах хэрэгтэй болно.

Ямартаа ч “Центерра гоулд” компани Гацууртыг эргэлтэд оруулах гэж хоёр ч удаа оролдоод бүтэлгүйтлээ. Санаа амрах болоогүй. Одоо дараагийн оролдлого хэзээ вэ гэдэг л сонин байна.

Г.Бат

2015-06-19 08:18:08