Монгол улс Бүгд Найрамдах Чех улстай харилцаа тогтоосны 65 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлж буй “Монгол орны ойн болон орон нутгийн ой модны генийн сангийн хөгжил” төслийн нээлтийн арга хэмжээ боллоо.

БНЧУ-аас манай улсад нийтдээ 1 сая гаруй долларын санхүүжилт олгож “Монгол орны ойн болон орон нутгийн ой модны генийн сангийн хөгжил” төслийг санхүүжүүлж байгаа юм байна. Тус төслийг БОНХАЖЯ, Ойн судалгаа хөгжлийн төв, Хонгор сум дахь ойн анги, Шарын гол сум, Дархан дах ХААИС-ийн харьяа Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн агроэкологи бизнесийн сургууль, Сэлэнгэ аймгийн МСҮТ болон Чехийн талаас БНЧУ-ын Брэндис над Лабэм дах Ойн аж ахуйн хүрээлэн хамтран хэрэгжүүлэх аж.

Бүгд Найрамдах Чех улсын Элчин сайдын яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Ноён Олдржих Заяычек:

-Монгол орны ойн болон орон нутгийн ой модны генийн сангийн хөгжил” төслийг эхлүүлж байгаа нь энэ салбар дахь бидний хамтын ажиллагааны зөвхөн эхлэл бөгөөд төслийн үр дүн нь Чех болон Монгол экспертүүдийн сонгосон арга зам нь зөв гэдгийг бидэнд батлан харуулна гэж найдаж байна. Монголын талд бидний санал болгож буй зүйл нь Орон нутгийн ойн модны төрлүүдийн генийн санг хөгжүүлж хадгалж авч үлдэх замаар “Ойн бүсчилсэн хөгжил”-ийн урт хугацааны нарийн төлөвлөгөөг ашиглан ойг хэрхэн арчлах гүн гүнзгий мэдлэг, ноу хау бүхий туршлагатай экпертүүдийн баг юм. Ялангуяа уур, амьсгалын өөрчлөлт болон Монголын газар нутагт цөлжилт нэмэгдэж буйг харгалзан үзэж өнөөдөр бид ойг хэрхэн хадгалж, хөгжүүлэх бүхий л боломжит арга хэрэгслээ ашиглах ёстой болоод байгаа юм хэмээн мэдээллээ.

 Чехийн экспертүүд нь төсөл хэрэгжих 2015-2017 оны хооронд мод үржүүлгийн төвүүдийг байгуулан ажиллуулах явцад нарийн мэргэшлийн туслалцаа үзүүлнэ. Мөн Чехийн экспертүүд ойн тогтвортой менежментийн үзэл баримтлалд тулгуурлан Монгол талын түншүүд, мод үржүүлгийн төвийн ажилчид, орон нутгийн удирдлагууд, мөн сургагч багш нартай нягт хамтран ажиллах юм. Мөн сургагч багш нар нь бусад төсөлд оролцох боломжоор хангагдах бөгөөд төслийн үйл ажиллагааг харгалзах хүмүүс ба олон нийтэд байнга толилуулж байх юм.

2015-2017 он хүртэл хэрэгжих энэ төслийн хүрээнд манай ойн үрийн лабораторийг евро стандартад хүргэнэ. Ингэснээр, бага үрээр их хэмжээний талбайг ойжуулах боломж бүрдэх юм байна.