Олон улсын хамтарсан судалгааны хөтөлбөр-2015

0
1182

АНУ, ОХУ, Монголын иргэний нийгмийн байгууллагын судлаачын багийнхан 2015 оны 8 сарын 10-наас 2015 оны 8 сарын 20-ны хооронд Сэлэнгэ аймгийн зарим сумдын нутгаар хээрийн судалгааны ажил хийж, нутгийн уугуул иргэдэд гол усны бохирдолыг хянах сургалт явуулж,  Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэт хотын цэвэрлэх байгууламжтай танилцав.

Энэ удаагийн судалгааны багт ОХУ-аас Сибирийн ШУА-ийн салбарын Геологийн хүрээлэнгийн дэд захирал Алексей Максимович, Ахлах судлаач Ольга Константиновна, залуу судлаач Солонго Намсраева, Монголоос МБОИЗ-ийн Сэлэнгэ аймгийн салбар зөвлөлийн тэргүүлэгч Г.Володя, Хэнтий аймгийн салбар зөвлөлийн тэргүүлэгч, Загас судлаачидын нийгэмлэгийн тэргүүн Баттогтох, “Хил хязгааргүй гол мөрөн” ТББ-ын судлаач Солонго, “Иргэний боловсрол төв”-ийн залуу судлаач Ганбааатар, АНУ-аас  Калифорни мужийн уул уурхайн нөхөн сэргээлтийн мэргэжилтэн Рик, Нью Мексико дэх Байгаль орчны судалгааны төвийн захирал Пол нар оролцов.

2015 оны 8 сарын 19-ны өдөр хөтөлбөрийн хүрээнд ажилласан 3 улсын мэргэжилтнүүд МБОИЗ-ийн гишүүн байгууллагуудад судалгааны ажлынхаа ерөнхий тайланг тавьлаа.

ОХУ-ын мэргэжилтнүүдийн тавьсан илтгэлүүд иргэний нийгмийн гишүүдийн өмнө тулгардаг олон асуултуудад хариулт өгч чадсанаараа онцлог байв.

Эдгээр эрдэмтэн, судлаачид байгаль орчинд уул уурхайн үйлдвэрлэлээс үзүүлдэг сөрөг нөлөөллүүдийг хэрхэн судалдаг, хөрс, ус, ургамал дээрх судалгааг хэрхэн хийдэг, хүнд металлын элементийн тархалтын онцлог, хоруу чанарын талаар ОХУ-ын Закаменскийн зэс молибдений үйлдвэр болон төмрийн хүдрийн үйлдвэрийн орчимд хийсэн лабораторийн судалгаан дээрээ тулгуурлан тайлбарласан нь танин мэдэхүйн хувьд төдийгүй иргэний нийгмийн байгууллагууд, хараат бус бие даасан судлаачидыг чадавхижуулах чухал ач холбогдолтой боллоо.

Хөтөлбөрийн удирдагч Пол Робинзон МБОИЗ-ийн гишүүн байгууллагуудад зориулан “ТББ-ууд санхүүжилт босгох арга зам”-ын талаар ирэх 7 хоногт сургалт явуулна. Зарыг дотоод сүлжээгээр тараах тул нийт иргэний нийгмийн байгууллагуудыг оролцохыг урьж байна. Сургалт Зайсан дэх цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төв дээр явагдана.

МБОИЗ-ын ажлын алба