АСЕМ-ийн дээд хэмжээний чуулганы дагалдах хурлуудын нэг болох Ази, Европ түмний иргэний XI чуулган 7 сарын 4-6 ны өдрүүдэд Төрийн ордонд “Шударга,тэгш, хүртээмжтэй хөгжлийн арга замыг Ази, Европт хэрэгжүүлэн эв санааны шинэ нэгдлийг байгуулах нь” сэдвийн хүрээнд болж байна.

Ази, Европ түмний чуулганы нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мэндчилгээ дэвшүүлж үг хэллээ.

Тэрээр

 “Эрхэм хүндэт төлөөлөгчид өө, Хатагтай, ноёд оо, Та бүхний энэ өдрийн түмэн амгаланг айлтгая. Монгол Улсын иргэний хувьд, Ерөнхийлөгчийн хувьд Ази, Европын ард түмний чуулга уулзалтад оролцож мэндчилгээ дэвшүүлэх болсондоо туйлын баяртай байна.

Манай иргэний нийгмийн төлөөлөл, ард иргэдийн төлөөлөл энд хүрэлцэн ирсэн байна. Мөн Ази, Европын улс орнуудаас иргэний нийгмийн төлөөлөл, иргэд хүрэлцэн ирсэн байгаа. Гаднаас ирсэн зочид та бүхнийг Монгол Улсад тавтай морилон саатахыг хүсэн ерөөе. Энэ удаагийн чуулга уулзалтыг 3 өдөр хийхээр төлөвлөсөн. Их чухал сэдэв авч ярилцахаар төлөвлөжээ гэж үзэж байна.

Эв санааны шинэ нэгдлийн тухай, Ази, Европын хооронд хүртээмжтэй, шударга, эрх тэгш түншлэлийг бий болгох тухай иргэд хоорондоо ярилцах гэж байна.

Хоёр тивийн иргэдийн төлөөлөл ингэж уулзаж ярилцах нь их чухал. Монголчууд түүхээрээ бахархдаг, өөрийн бүтээсэн, бий болгосон соёлоороо бахархдаг, эрх чөлөөт, бие даасан сонголтоороо бахархдаг хүмүүс юм. Нэгэн үед Ази, Европыг дамнасан их гүрнийг байгуулж, төрийн соёлыг цэцэглүүлж, хоёр тивийг холбож явсан түүхтэй улс орон юм.

Ази, Европын ард иргэдийн чуулга уулзалтыг ийм өргөн түвшинд эх нутагтаа зохион байгуулах хувь тохиосонд бид маш их баяртай байгааг хэлье.

 Монгол Улсын хувьд ард түмний чуулга уулзалт маш чухал юм.

Манай улсын хувьд иргэдийн оролцоо нийгмийн хөгжилд асар өндөр чухал үүрэгтэй байдаг.

Иргэдийн оролцоог олон нийтийн байгууллага, төрийн бус байгууллага гэж манайд нэрлэдэг. Энэ төрийн бус байгууллагаар дамжиж Монгол Улсад иргэдийн оролцоо хэрэгждэг.

Аливаа улсад нийгмийн байгууллыг бие гэж үзэх юм бол түүний зүрх сэтгэл нь ард түмэн юм.

Түүний зүрх сэтгэл нь олон нийтийн байгууллага юм. Төрийн бус байгууллага юм.

Монгол Улсад олон нийтийн байгууллага, иргэдийн оролцоог ингэж хүлээж авдгийг хэлье.

Аливаа улс орны хөгжлийг хүн нь, ард түмэн нь хөтөлдөг. Тэр хөтлөгч нь институтын хувьд олон нийтийн байгууллага, төрийн бус байгууллагууд гэж харж байгаа. Ер нь Монголын хөгжлийн философи нь иргэддээ тулгуурладаг юм гэж би хардаг. Манай улсын иргэд эрхтэй байх ёстой. Манай улсын иргэд нийгмийн амьдралд, улс төрийн амьдралд, бүхий л амьдралд идэвхтэй оролцох ёстой. Манай улсын иргэд илүү боломжтой байх ёстой. Энэ нөхцөл байдлыг хангахын төлөө л төр нь ажилладаг. Иргэддээ үйлчилдэг. Ийм л байгууллага гэж бид үздэг. Тэгэхээр Монгол Улсынхөгжлийн философи бол илүү эрхтэй, илүү оролцоотой, илүү боломжтой ард иргэд гэж үзэж болно. Ингэж байж л Монгол Улс цэцэглэн хөгжинө, урагшилна гэж бид үздэг. Ийм учраас Монгол Улсын хөгжлийн хамгийн гол хөдөлгөгч хүч нь манай ард иргэд юм. Тэдний өмнө явдаг хүмүүс нь зохион байгуулалтад орсон нийгмийн идэвхтэй иргэд юм. Энэ иргэдийн хүч, хөдөлмөрийг бид асар их үнэлэхийг эрмэлздэг. Бид шинэ сонголт хийхэд л анх энэ шинэ сонголтын гол хөдөлгөгч хүч нь иргэний хөдөлгөөн байсан.

Иргэний хөдөлгөөнөөр дамжуулж Монгол Улс улам бүр бие даасан, улам бүр өөрийн гэсэн бодлоготой болох чиглэл рүүгээ орсон. Тийм учраас иргэдийн оролцоо бол хамгийн чухал зүйл гэдгийг энд хэлье. Бид иргэдийн оролцоог урамшуулах, хөхиүлэн дэмжих бодлого баримталдаг. Монгол Улсад олон нийтийн байгууллагыг хорьдоггүй. Аль болох хориглосон зүйлгүй байх чиглэлд ажилладаг.

Шүүх, шоронгоор аль болох далайлгахгүй байх ёстой. Хүчний байгууллагаар аль болох далайлгахгүй байх ёстой гэсэн байр суурийг баримталдаг.

Ийм учраас Монгол Улсын хувьд, төрийн хувьд, Ерөнхийлөгчийн хувьд олон нийтийн байгууллага, иргэдийн оролцоо гэдэг бол асар үнэ цэнтэй зүйл гэж бид үздэг.

Иргэний нийгэм, иргэдийн оролцооны хувьд Монгол Улсад хүндрэл, сорилттой зүйлүүд бий.

Ялангуяа эмэгтэйчүүдийн байгууллага, эмэгтэйчүүдийн оролцоотой байгууллагын асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар би жил бүхэн, эмэгтэйчүүдийн эрхийн өдрийн өмнө олон нийтийн байгууллагын төлөөллийг хүлээн авч уулздаг.

Манай эмэгтэйчүүд бол олон нийтийн байгууллагын гол бүтэц, ноён нурууг авч явдаг юм. Энд ямар хүндрэл, сорилт байдаг юм бэ. Бид ололт амжилтаас гадна хүндрэл, сорилтоо олж харах хэрэгтэй.

Нэгдүгээрт, миний хувьд харж байгаагаар иргэний нийгмийн байгууллагыг институтын хувьд бэхжүүлэх хэрэгтэй. Тус тусдаа зорилгоо хөөгөөд явж байгаа. Гэхдээ институтынх нь хувьд бэхжүүлж босгож ирэх, дэмжиж туслах нь чухал. Энэ бол бидний өмнө тулгамдаж байгаа асуудал гэж бодож байгаа.

Хоёрт, олон нийтийн байгууллагын дотоод засаглалын асуудал байдаг. Манай иргэд, олон нийтийн байгууллагуудын зүгээс төр рүү, төрийн байгууллага, Засгийн газар, бусад газар руу шүүмжлэлтэй ханддаг. Асуудал тавьдаг. Энэ бол маш чухал зүйл. Ингэж байх ёстой гэж би боддог. Гэхдээ өөрсдийнхөө дотоод засаглал, хариуцлагын асуудлаа сайжруулах ёстой гэж манай олон нийтийн байгууллагын хүмүүс өөрсдөө ярьдаг. Үүнтэй би санал нэг байдаг.

Гурав дахь тулгамдаж байгаа асуудал бол хараат бус байдлыг бэхжүүлэхтэй холбоотой асуудал юм. Хараат бус, бие даасан үйл ажиллагаа явуулдаг байдлыг нь бэхжүүлэх чиглэлд бид ажиллах ёстой гэж бодож байгаа.

Дөрөв дэх харж байгаа зүйл бол иргэний нийгмийн байгууллагууд цаашаа улам мэргэших, улам чадавхижих ёстой. Зүгээр популист дуу хоолой гаргасан, нэг хоёр хүнийг тойрсон маягаар зохион байгуулагдах биш, тодорхой чиглэлээр асар их мэргэшсэн, төрийн байгууллага, олон нийтийн байгууллага, нийгэмдээ асар их нэр хүндтэй хамт олон болж хувирах чиглэл рүү явах хэрэгтэй. Ингэж манай ард иргэд, иргэний нийгмийн байгууллагынхан өөрсдөө ярьдаг. Үүнтэй би санал нэг байдаг.

Тав дахь тулгамдаж байгаа гол асуудал бол эрх зүйн чиглэлийн туслалцаа, санхүүгийн дэмжлэг дээр төрийн зүгээс онцгой анхаарах шаардлагатай. Олон нийтийн байгууллагын хууль, Төрийн бус байгууллагын хууль гэж байдаг. Энэ хуулиуд цаг үеэ нэлээд өнгөрөөж байна. 25 жилийн дараа эргээд харахад шинээр энэ асуудлуудыг авч үзэх шаардлагатай болсон.

Төрөөс шилжүүлж болох, төрд авч явахад нь дарамт болж байгаа, шилжүүлж болмоор ажил үйлчилгээг иргэний нийгмийн байгууллага, мэргэжлийн байгууллагууд руу шилжүүлэх хэрэгтэй болж байгаа. Ингэж төр нь жинхэнэ иргэншсэн, зөв бүтэц рүүгээ орох ёстой.

Энд хууль, эрх зүйн шинэ зохицуулалтууд хэрэгтэй.

Иргэний нийгмийн байгууллагаас сая миний хэлсэн чиглэлээр эрх зүйн хувьд том өөрчлөлт хийе. Дэмжие гэж бид нар бодож байгаа. Бид таван чиглэлийн хуулийн төсөл боловсруулахаар ажиллаж байгаа.

Иргэний нийгмийн байгууллагыг дэмжих дэмжлэг дээр Монгол Улсын Ерөнхийлөгч манлайлан оролцох ёстой. Үүн дээр маналайлал үзүүлэх ёстой гэж би хувьдаа үздэг. Манай Тамгын газар, хуульчидтай нийлээд эдгээр хуулийн төслийг боловсруулах, санал авах ажлуудыг хийж байгаа. Үүн дээр гадаад, дотоодоос ирсэн эрхэм төлөөлөгчид улам олон санаа, саналуудыг хэлэх байх гэж бодож байна.

Бид даргалагч орны хувьд Монгол Улсынхаа талаар яриад зогсохгүй, та бүхнээс суралцмаар байна.

Та бүхний санаа оноог хармаар байна. Олон улсын хэмжээнд, дэлхийн шинэ чиг хандлагад иргэний нийгмийн хөгжил дэвшил ямар байх ёстой юм гэдгийг бид харах ёстой.

Энэ удаагийн чуулган их чухал сэдвээр хуралдах гэж байгаа. Шинэ 2016 он гараад Монголд Ази, Европын парламентын төлөөлөл ирж хуралдлаа. Бараг бүх салбарын сайд нар АСЕМ-ийн 51 гишүүн орон, олон улсын хоёр байгууллагаас ирж оролцлоо. Ахлах албан тушаалтнуудын уулзалт Монголд олон сэдвээр болж байгаа. Залуучуудын уулзалт болж байгаа. Төр, засгийн тэргүүн нарын дээд түвшний уулзалт болох гэж байна. Энэ олон уулзалтаар ярьсан хэлсэн зүйлээс нэг уулзалтын үеэр гарсан шийдэл, мэдээллийг Төр, засгийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтад танилцуулдаг.

Бизнесийн чиглэл, мөн ард түмний чуулга уулзалтын үеэр та бүний ярьсан зүйл, хүссэн шийдлийг танилцуулдаг. Монгол Улс даргалагч орны хувьд та бүхний дуу хоолойг Ази, Европын улс орнуудаас ирсэн төр, засгийн тэргүүн нарт танилцуулах үйл ажиллагаанд анхаарч ажиллах болно гэдгийг хэлье.

Уялдаа холбоо, түншлэл гэдгийн дотор хоёр тивийг холбосон төмөр зам, хурдны зам, агаарын зам чухал. Энэ дэд бүтэц хүнгүй байх юм бол утгагүй. Хүн явдаггүй, хүмүүс уулздаггүй дэд бүтэц байх боломжгүй.

Ийм учраас Ази, Европын хамтарч ажиллаж байгаа 50 гаруй орны ард түмний эрх ашиг, тэдний бизнесийн эрх ашигт, тэдний бүтээлч үйл ажиллагаанд хатуу дэд бүтэц үйлчлэх ёстой. Жинхэнэ зөөлөн дэд бүтэц нь та бүхний уулзаж байгаа энэ уулзалт юм гэж би харж байна. Хүмүүс ардын дипломат гэж ярьдаг. Жинхэнэ ардын дипломат гэдгийг албан бус яриа хэлэлцээний механизм гэж харж байгаа.

Гадаад хэргийн яам, Гадаад хэргийн сайд нар уулзахад албан ёсны дипломат үйл ажиллагаа явж байна гэж хардаг. Гэхдээ энэ албан ёсны түвшний уулзалтуудын агуулга та бүхнээс л гарах ёстой. Тэнд яригдах сэдвүүд та бүхний эрх ашгийн төлөө яриглдах ёстой гэж үзэж байгаа. Энэ үйл ажиллагааны уялдаа, холбооны амин сүнс нь ард түмний чуулга уулзалт болж байгаа. Энэ албан бус яриа хэлэлцээ, ардын дипломатын үйл ажиллагаа юм гэж би хувьдаа бодож байгаа.

Монгол Улсын хувьд өвөрмөц байршилтай орон. ОХУ гэж дэлхийд хамгийн том газар нутагтай улс манай хойд хөрш болж оршдог. БНХАУ гэж дэлхийд хамгийн олон хүнтэй гүрэн манай урд хөрш болж оршдог. Энэ хоёр том гүрний дунд Монгол Улс оршдог юм. Саяхан Монгол Улсын Ерөнхийлөгч, ОХУ-ын Ерөнхийлөгч, БНХАУ-ын дарга нарын дээд түвшний уулзалт болсон. Энэ түвшинд уулзаж байя гэсэн санаачлагыг Монгол Улсын зүгээс анх гаргасан. Энэ уулзалт сая гурав дахь удаагаа боллоо. Монголын газар нутгаар дамжин өнгөрөх тээврийн асуудал, төмөр замын асуудал, түүнтэй холбоотой татвар, шалгалт зэрэгтэй холбоотой асуудлыг бид ярилцсан. Маш чухал баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа. Монголчууд нэг зүйлээр бахархдаг. Бид Ази-Европ тивийн уулзвар дээр оршдог. Энэ уулзвар дээр оршдог орны хувьд холбоос, залгаас, энэ дунд байгаа алтан гинж нь болж оролцохыг бид нар хүсдэг. Тэгэхээр энэ явж байгаа дэд бүтэц, уялдаа холбоо Монголоор дамжиж өнгөрч байгаасай. Ази, Европ руу чиглэсэн зам Монголыг дамжиж өнгөрч байгаасай.

Ази, Европын ард түмний уулзалтын гол цэг нь Улаанбаатар байгаасай. Монгол Улс байгаасай. Ази, Европын ард түмнийг холбодог зам нь Улаанбаатарыг чиглэдэг байгаасай гэж хүсч байгаа. Тийм байсан. Монголын нийслэл Хархорумд 800 жилийн өмнө тэгж холбогдог байсан. Түүнийг маш хурдтайгаар, морин өртөөгөөр холбож, дэлхий нийтэд харилцаа холбоо, уялдаа холбоо, шуудан гэдгийг гайхамшгийг монголчууд үзүүлж байсан. Одоо шинэ нөхцөл байдалд энэ тухай ярих газар нь үнэхээр Улаанбаатар юм. Энэ тухай ярих газар нь үнэхээр Монгол Улс юм гэж ойлгож байгаа.

Энэ чиглэлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд ОХУ-ын Ерөнхийлөгч, БНХАУ-ын даргатай хамтарч дэмжлэг үзүүлэх талаар идэвхтэй ажиллаж байгаа гэдгийг хэлэх нь зөв байх. Энэ жилийн Ази, Европын ард түмний чуулга уулзалт, дээд хэмжээний уулзалт, бусад уулзалтын нэг онцлог бол АСЕМ гэдэг гэр бүл, байгууллага бий болоод 20 жил өнгөрч байна.

Энэ 20 жилээ Монгол Улсад тэмдэглэхээр ирж байгаа. Та бүхэн зөвхөн энэ ард түмний чуулга уулзалтаар оногдсон сэдвийн хүрээнд ярихаас гадна 20 жилийн ажлаа дүгнэж ярилцах хэрэгтэй байгаа юм. Цаашид дахиад 20 жилийнхээ хэтийн зорилгыг тодорхойлох хэрэгтэй. Ийм чухал уулзалт Монголд болж байгаа юм гэдгийг хэлэх нь зүйтэй.

Энэ уулзалтуудаас Улаанбаатарын тунхаглал гэж гарна. Даргалагч орны хувьд энэ чиглэлийн тунхаглалууд гарах юм. Энэ үйл ажиллагаа, тунхаглал, бүх ажлыг амилуулж, бий болгоход та бүхний оролцоо, уулзалт их чухал юм.

Манай олон нийтийн байгууллагууд маш идэвхтэй байгаа. Маш олон тооны олон нийтийн байгууллагууд байдаг. Энд төлөөлөл нь тэр бүр ирж чадаагүй байна. Манай олон нийтийн байгууллагуудын төлөөлөлтэй та бүхэн яриарай. Манайд шүүмжлэлт сэтгэхүй асар их хөгжсөн улс. Үүнийг бүтээлч, хариуцлагатай үйл ажиллагаа руу оруулахын төлөө ажиллаж байгаа.

Монголд сошиал медиа, хэвлэл мэдээлэл дээр төр, засгийн зүгээс тогтоосон хориг гэж байдаггүй. Ерөөсөө ард түмнээрээ, олуулаа хэлэлцэж байж учраа олно гэдэг ийм л ойлголт байдаг. Энэ бол монголчуудын үеийн үед эрхэмлэж ирсэн гайхамшигтай жишиг байгаа юм. Тиймээс Монголд ярих сэдэв дээр хорио байхгүй.

Монголд шивнэж ярих шаардлагагүй. Өөрийнхөө дуу хоолойгоор, өөрийнхөө бодож байгаа зүйлээ бүрэн илэрхийлж болно. Манай төрийн бус байгууллагуудтай та бүхэн их холбогдоорой. Сайхан найз нөхөд болоорой. Дахин дахин Монгол Улсад ирж байгаарай. Бид Ази, Европын уулзалтыг зохион байгуулаад орхино гэж бодохгүй байгаа. Цаашаа Монгол Улс бүр идэвхтэй оролцоно. Болж өгвөл ард түмний чуулга уулзалтыг цаашаа авч явах, үүнд Монгол Улс хамгийн түрүүнд манлайлж оролцох ёстой. Ийм улс орон байх ёстой гэж боддог. Олон улсын үйл ажиллагаанд оролцоход эрх тэгш байдаг. Тийм учраас жижиг томын асуудал байхгүй. Хөгжилтэй, хөгжилгүйн тухай асуудал байхгүй. Арьсны өнгөний асуудал байхгүй. Хүйсийн ялгааны асуудал байхгүй. Тийм учраас энд жинхэнэ эрх тэгш, хүртээмжтэй, шударга, ил тод, чин сэтгэлийн яриа болох байх. Гурван өдөр Монголд халуун байх байх гэж бодож байгаа. Зөвхөн цаг агаар халж байгаа биш. Уур амьсгал халуун сайхан, элэгсэг дотно байх байх гэж бодож байгаа. Бид нар их юм бэлгэддэг. Энэ жил Монголд бороотой, их сайхан дулаан зун болж байгаа. Монголчууд малчин гаралтай учраас малчин ард түмэн бахархдаг. Та бүхэн зөвхөн Улаанбаатарт байх биш, болж өгвөл Улаанбаатараас гарахыг бодох хэрэгтэй. Монголд 3 хоноод явах биш, дараа нь 7 хоногоор ирэх хэрэгтэй. Олон нийтийн байгууллага, найз нөхдөө дагуулж ирээрэй. Бид нар улам олон зочин Монголд ирж, Ази, Европ тивийн ард түмнүүдийн хооронд тулгамдаж байгаа асуудлыг ярихад хувь нэмэр оруулж чадах юм бол бид үүнийг маш бахархалтай хэрэг гэж, нэр төрийн хэрэг гэж үзэх болно. Тийм учраас Монголд хориотой сэдэв гэж байхгүй. Монголд хүний л ярьж болдог бүх сэдвээр ярьж болно гэж хэлье.

Монгол Улсад тавтай морилохыг хүсэн ерөөе. Чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье” гэлээ.