БОАЖ-ын сайд Д.Оюунхорол тус яамны холбогдох газар,хэлтсийн дарга нарын хамт Монголын байгаль орчны иргэний зөвлөл /МБОИЗ/-ийн Удирдах зөвлөлийн гишүүдийг өнөөдөр хүлээн авч уулзаж, байгаль орчноо хамгаалах болон хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Байгаль хамгаалах ажилд бүх нийтийн хамтын оролцоог хангах, Байгаль хамгаалах, нөөц баялгийг арвижуулах, нөхөн сэргээх үйл ажиллагаанд олон нийтийг оролцуулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай 4 заалт бүлэг батлагдсан. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан уг заалтыг БОАЖЯ 2016-2020 онд хэрэгжүүлэхээр төлөвлөгөөндөө тусган ажиллаж байгаа бөгөөд Засгийн газрын 100 хоногийн ажлын хүрээнд ийнхүү иргэний нийгмийнхэнтэй уулзаж буй юм.

Уулзалтын үеэр БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, Иргэний нийгмийн байгууллагууд байгаль орчныг хамгаалахад сэтгэл, зүтгэл гарган ажилладаг. БОАЖЯ-наас хийж хэрэгжүүлж байгаа ажлынхаа талаар тодорхой  мэдээлэл өгч, цаашид хамтран ажиллах талаар санал солилцож байгаа нь их зөв арга хэмжээ болж байна. Цаашид иргэний нийгмийн байгууллагуудыг идэвхижүүлэх, чадавхижуулах,мэдээллийн ил тод байдлаар хангаж хамтран ажиллах шаардлагатай байна. Ард иргэдэд байгаль орчноо хамгаалах үйлсэд гар бие оролцох үзэл суртлын сургалтын ажилд хамтран ажиллах боломж бүрэн байна хэмээлээ.

БОАЖЯ, Байгаль орчны иргэний зөвлөлийн хоорондын хамтын ажиллагааны гэрээг шинээр байгуулах, гэрээний хэрэгжилтийг хангуулах ажлыг зохион байгуулахаар ажиллаж байна. Өнөөдрийн уулзалтын үеэр хоёр тал ажлын хэсэг гаргаж, цаашдын хамтын ажиллагааны асуудлаар байр сууриа нэгтгэхээр боллоо.

БОАЖЯ, төрийн бус байгууллагуудтай шийдвэр гаргах түвшний оролцоог хангах,төрийн тодорхой чиг үүрэг, зарим үйл ажиллагааг гэрээгээр гүйцэтгүүлэх, мэдээллийн нээлттэй байдлыг хангах, төрийн байгууллага, төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хяналт тавих, мөн иргэний нийгмийн байгууллагууыг чадавхижуулах чиглэлээр хамтран ажилладаг юм гэж БОАЖЯ-ны ХМА-наас мэдээллээ.