Өнөөдөр 12-р сарын 10.  Олон улсын хүний эрхийн өдөр.

Сүхбаатарын талбайд Хүний эрхийн олон өдөрт зориулсан нийтийн цуглаанд  МБОИЗ болон гуч гаруй иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл оролцож Хүний эрхийг хамгаалагчидийг хамгаалах талаар үзэл бодлоо илэрхийлэв. Цуглаанд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар нар оролцож үг хэллээ.

МБОИЗ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн, Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Эрдэнэцогт МБОИЗ-ийг төлөөлөн үг хэлэхдээ дараах асуудлуудыг хөндлөө. Үүнд:

Монгол улс олон улсын хүний эрхийн тухай 24-н гэрээ конвенци, хүний эрх-байгаль орчны  талаарх Биологийн төрөл зүйлийн тухай, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай, Зэрлэг амьтан ба ургамлыг ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай, Озоны үе давхаргыг хамгаалах тухай,Ган цөлжилтөд ноцтой нэрвэгдэж буй орнуудын, ялангуяа Африкийн цөлжилттэй тэмцэх тухай конвенц зэрэг олон улсын 11 конвенци,  бүс нутгийн 3 гэрээ хэлэлцээрт нэгдэн оржээ.
Үндэсний түвшинд  байгаль орчин-хүний эрхийн талаархи 31 хууль, 26 хөтөлбөр, 130 гаруй дүрэм журам, Засгийн газар, яам агентлаг хоорондын 90 гэрээ санамж бичигтэй, Хүний эрхийн үндэсний комисс, УИХ-ын Хүний эрхийн дэд хороо, УИХ-аас баталсан Хүний эрхийг хангах Үндэсний хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх Хүний эрхийн хороо /ХЗДХЯ-ны дэргэд/, БО-ны тогтвортой хөгжлийг хангах, байгалийн нөөцийг зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх, хяналт тавих чиг үүрэг бүхий БОАЖЯ, Уул уурхай,  Эрчим хүчний яамд,, УМХГ, Усны газар, Ойн газар, Ашигт малтмалын газар зэрэг байна.
Дараах асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай байна.
Байгаль орчин-Хүний эрхийн асуудлууд:
·         Байгаль орчныг хамгаалахад иргэдийн  оролцоог хангах тодорхой механизм аль ч хуульд тодорхой суулгаагүй
·         Байгаль орчны хохирлыг төр нэхэмжлэх зохицуулалттай ч ашиг сонирхлын зөрчлөөс шалтгаалан нэхэмжлэл гардаггүй
·         Иргэд нийтийн эрх ашгийн төлөө нэхэмжлэл гаргах эрх олгогдоогүй тул байгаль орчныг хамгаалах механизм, эрх зүйн орчин бүрдээгүй
·         Малчдын эзэмшиж буй бэлчээр, өвөлжөө, хадлангийн газрын эрхийг баталгаажуулах, төр дайчлан авах зохицуулалт, үнэлгээ хийх, зохих төлбөр, нөхөн олговор олгодог механизм хуульчлагдаагүй
·         Байгалийн ба газрын хэвлий дэх баялгийн өмчлөлийн талаар салаа утгатай, үндэсний хуулиуд болон яамд/салбар хоорондын уялдаа холбоо сул
·         Шүүхийн тогтолцоо зохистой ажиллахгүй, авилга газар авсан
·         Малчид, аялал жуулчлалын салбарууд лиценз олголт, байгаль орчны доройтлоор эзэмшиж буй газраасаа шахагдаж малгүй, газаргүй иргэдийн хот руу чиглэсэн нүүдэл ихсэж, хүний эрхийн зөрчлүүд ихээхэн нэмэгдсэн
·         Монгол Улс газар зүйн байршлаас хамаараад уур амьсгалын өөрчлөлтөнд  дэлхийн дунджаас 3 дахин илүү өртсөнөөр,  эмзэг экосистем байгалийн үр шимээс дэндүү хамааралтай уламжлалт нүүдлийн соёл иргэншил, байгальд түшиглэсэн эдийн засгийн тогтолцоонд хүчтэй нөлөөлөл үүсгэж байгаа
·         Цөлжилт, ойн ба хөрсний доройтол эрчимтэй явагдаж, нийт нутгийн 72 хувь нь цөлжилтөнд өртөж, бэлчээрийн доройтол дагуулж биологийн төрөл зүйлийн хомсдол, эдийн засгийн голлох бүтээгдэхүүн болох мал давжаарч ашиг шимийн үзүүлэлт буурч байгаа
·         Монголын өмнөд говь дахь цөлийн бүсэд элс жилд 20 м хурдтай нүүж бэлчээрийг элсээр дарж байгаа
·         Монгол орны ой цэвдэг дагаж ургадаг тул цэвдэг элэгдэлд орж өндөр уулын мөстөл хайлсны улмаас ой нөөц хомсдож, гал түймрийн гаралт ихсэж байгаа
·         Уул уурхайн олборлолт хийсэн газар нөхөн сэргээлтийн ажил хийгдэхгүй, компаниуд ба орон нутгийн захиргаа хуулиа хэрэгжүүлэхгүй, хуулийн зохицуулалт буруу үйлчлэх зэргээс улсын хэмжээнд нийт 14,565 га газар уул уурхайн нөлөөллөөр эвдрэлд орсон
·         Байгаль орчны хамгаалалттай бүсээс газрыг уул уурхайн нөөцөд авах шийдвэр гаргаж байгаа
·         Химийн хорт бодисыг улсын хилээр оруулах, хадгалах, ашиглахад тавих хяналт маш сул байснаас  бэлчээр газар нутаг цианит, мөнгөн усаар бохирдсон байдал
·         Таван Толгойн нүүрсний ордоос дэлхийн хамгийн том хүлэмжийн хий үйлдвэрлэгч БНХАУ руу хямд үнээр түүхий нүүрсийг 240 км урт, 32 салаа замаар тээвэрлэж байгаа нь нүүрс, элсний тоосыг бүс нутгийн хилээр тогтохгүй орчинд цацаж байгаа
·         Монгол орны  гол горхи булаг шанд нуур цөөрөмний 60 нь ширгэж усны хомсдол үүсч байгаа
·         Говийн усгүй орчинд 30-60 жил олборлох Оюу Толгойн уурхайн усны хэрэгцээг хангах нөөц тогтоогдоогүй байхад үйлдвэрлэл эхлүүлсэн
·         Хэрлэн, Орхон, Онон голуудын урсацыг эргүүлэх бодлого баримталж байгаа
·         Хөвсгөл нуурын орчинд эрдэмтдийн дүгнэлтийг сөрж фосфоритын олборлолт эхлүүлэх, шийдвэрүүд гаргаж байгаа
Эдгээр асуудлын улмаас гарч буй сөрөг үр дагавар:
·         Монгол улсад хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах, амьжиргааны эхүүсвэрээ сонгох ба хамгаалуулах, ажилгүйдлээс хамгаалуулах эрх, өмчлөх, аж ахуй эрхлэх, уламжлалт соёл, ёс заншилаа хадгалах, өвлүүлэх, хүний орон гэр халдашгүй байх, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах, усаар хангагдах, төр барих болон хүний хөгжих эрхүүд уул уурхай салбар газар ашиглалт ба хуваарилалт, байгаль орчинд сөргөөр нөлөөлсний улмаас ихээхэн зөрчигдөх байна.
·         Гар аргаар алт олборлогчдын хувьд амьд явах эрх, хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр, боолчлол, садар самуун, хүчирхийллээс ангид байх, газар доор хүүхэд, эмэгтэйчүүд ажиллаж эхний ээлжинд эрсдэх, хөдөлмөрийн аюулгүй нөхцлөөр хангагдах, хөдөлмөрийн хөлсөө шударгаар үнэлүүлэх, хуулийн өмнө эрх тэгш, сонгох ба сонгогдох эрх, эрх зүйн чадамжтай байх эрхүүд нь эрх зүйн орчин бүрдээгүйгээс ноцтой зөрчигдөж байна
·         Өвчлөл, гаж төрөлт, хордлогоор амь алдах, орон гэргүй болон ядуурсан хүний тоо нэмэгдсээр байна.
Цаашид:
·         Хүн ам суурин амьдардаг газар нутагт олгогдсон ашигт малтмалын лицензиудыг дахин хянах, хүний эрүүл мэнд, байгаль орчин, нийгэм, эдийн засгийн нөлөөллийн үнэлгээг олон улсын стандартын дагуу хийлгэх, тэдгээрийг аудитлах, үр дүнг нийтээр хэлэлцүүлсний үндсэн дээр лицензийг сэргээх арга хэмжээ авах
·         байгалийн үзэсгэлэн шүтээн газруудыг хайгууль ба олборлолтын  лиценз олголтоос хамгаалах
·         зөвхөн Монголын байгальд нөлөөлөөд зогсохгүй бүс нутгийн усны нөөц, олон улсын ач холбогдох бүхий Хөвсгөл ба Байгаль нуурын ай сав газруудад сөргөөр нөлөөлөх стратегийн ордууд, усан цахилгаан станц барих тодорхой төслүүдэд анхаарлаа хандуулах
·         Улсын цэнгэг усны нөөцийн 74%-ийг эзлэх Хөвсгөл нуур болон бусад усны нөөц газрын байдлыг хянан үзэж олон улсын хамгаалалттай экологийн бүс нутагт хамруулах бодлого баримтлах
·         Өмнийн ордуудын хэрэгцээнд хангайн бүсээс өмнө бүс рүү ус татах Орхон, Хэрлэн голуудын төслийг зогсоох
·          Линценз олгохын өмнө одоогийн эзэмшиж буй эзнээс газрыг эргүүлэн
·          “Уугуул иргэдийн эрхийн тухай” НҮБ-ын тунхаглалд үндэсний хууль тогтоомж ялангуяа БО бүх хуулиудыг нийцүүлэн боловсронгуй болгож малчдын бэлчээр өвөлжөө хаваржааг баталгаажуулах
·          Гар аргаар олборлогчдын салбарын эрх зүйн зохицуулалтыг хангаж эрхийг хамгаалах
·         Ашигт малтмалын лицензийг түүх соёлын дурсгалт, үзэсгэлэнт газар, байгалийн нөөц ба биологийн төрөл зүйлийн нутаг зэрэг дархан цаазтай, тусгай хамгаалалтад авсан газраас эргүүлж татах
·         Дархан цаазат газрыг хамгаалалттай газрын жагсаалтаас гаргах,  хилийн зурвасыг багасгах асуудлыг таслан зогсоох
·         Уул уурхайн үйлдвэрлэлийн нийгмийн нөлөөллийн үнэлгээг олон улсын стандартын дагуу хийлгэх, тэдгээрийн аудитлагдсан тайлан төлөвлөгөөг хөрөнгө оруулалтын нөхцөл болгох, сөрөг нөлөөллөөс сэргийлэх төрийн бодлого боловсруулж хэрэгжүүлэх
·         Уул уурхайн компаний газар, ус ашигласны төлбөрөөс бие даан төсвөө бүрдүүлэх тогтолцоонд шилжсэн сумд санхүүгийн хувьд бүхэлдээ алтны компаниудаас хараат болсон байдлыг таслан зогсоох
·         Орон нутгийн уугуул иргэдийн эрх, хүний үндсэн эрхийг хамгаалахад уул уурхайн үйлдвэрлэл, Компаний нийгмийн хариуцлагын стандартад нийцүүлэн үнэлгээ хийх, хянах механизмыг бүрдүүлэх, хэрэгжүүлэх
·         “Байгаль орчны асуудлаарх аливаа хэрэгт шийдвэр гаргахад мэдээлэл авах, оролцох болон шүүхэд хандах тухай” НҮБ-ын Аархусын конвенцид нэгдэн орох
·         Хүний эрхийг бодитой хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх, нийтийн ашгийг нэхэмжлэх механизмуудыг үндэсний хуулиудад суулгах, хэрэгжүүлэх зэргээр олон улсын хүний эрхийн хууль, стандартад нийцүүлэх зэрэг асуудлуудыг олон нийтэд хандан хөндөж тавьлаа.
МБОИЗ-ийн ажлын алба