Үндэсний хөгжлийн газар, БОАЖЯ, НҮБ-ын ногоон эдийн засгийн төлөөх түншлэлийн санаачилгаар “НОГООН ЭДИЙН ЗАСАГ,ТОГТВОРТОЙ ҮЙЛДВЭРЛЭЛ БА ХУДАЛДАА” сэдэвт сургалт, зөвлөлдөх уулзалт 2017 оны 05 дугаар сарын 29-31-ны өдрүүдэд болж өнгөрлөө.
“Ногоон эдийн засаг-Тогтвортой үйлдвэрлэл ба худалдаа” сургалт нь:
-Даян дэлхийн тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр, Монгол улсын тогтвортой хөгжлийн болон ногоон хөгжлийн бодлогыг олон улсын худалдааны бодлоготой уялдуулах талаар хэлэлцэх,
-Ногоон худалдаа-байгаль орчны бүтээгдэхүүн, үйлчилгээ, стандарт, шошго, гэрчилгээ зэргийн талаар мэдлэг олгох,
-Монгол улсын ХАА-н тогтвортой ногоон үйлдвэрлэл, өртгийн сүлжээ, олон улсын худалдааны боломжийн талаар хэлэлцэх,
-Тогтвортой хөгжилд хүрэх гүүр болсон ногоон өсөлт, түүнд нөлөөлөх ногоон үйлдвэрлэл,худалдааг хөгжүүлэх талаар мэдлэгээ хуваалцах, олон улсын туршлагаас суралцахад чиглэгдлээ.
ХАА-н бүтээгдэхүүний тогтвортой нийлүүлэлтийн сүлжээ, стандарт ба шошго, тогтвортой ногоон бүтээгдэхүүний хэрэглэгчийн зах зээлийн хандлага, түүнд нэвтрах талаар Олон улсын худалдааны төвийн мэргэжилтэн Регина Таймасова, Ногоон худалдааны талаар ойлголт байгаль орчны бараа үйлчилгээ, тогтвортой аялал жуулчлалын уялдаа холбооны талаар НҮБ-ын Ногоон эдийн засгийн төлөөх түншлэл-Байгаль орчны хөтөлбөрийн худалдааны сургалтын зөвлөх, удирдагч багш, доктор Кришна Херамун, Органик худалдааны талаар Нэгдсэн үндэсний байгууллагын Байгаль орчны хөтөлбөрийн мэргэжилтэн Инг Жанг, Л.Нармандах нар танилцуулга хийж сургалт явууллаа.
Сургалтанд төрийн захиргааны байгууллагын болон Аймаг нийслэлийн хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, Их дээд сургууль, академи хүрээлэн, судлаач, холбогдох ТББ, мэргэжлийн холбоодоос 60 гаруй төлөөлөгчид оролцов.
ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТЫН ТАЛААР:
Зөвлөлдөх уулзалт нь “Тогтвортой худалдаа ба Монгол Улсын гадаад худалдааны боломж” сэдвийн дор хийгдсэн бөгөөд ногоон өсөлт, түүнд нөлөөлөх ногоон үйлдвэрлэл, ногоон худалдааг дэмжих талаар олон талын оролцоотойгоор санал бодлоо солилцов.
Уулзалтанд яам, агентлаг, холбогдох газрын удирдлагууд, Монгол улсад суугаа элчин сайдын яамдын төлөөлөл, олон улсын хөгжлийн байгууллага, эрдэмтэн судлаач, хувийн хэвшил, ТББ мэргэжлийн холбоод зэрэг байгууллагаас бүрдсэн 100 гаруй төлөөлөгчид оролцов.