Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүхийн ахалсан Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо ээлжит хуралдаанаа хийлээ.

Хуралд  БОАЖ-ын Сайд, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэд дарга Н.Цэрэнбат болон бүх яам, агентлагуудын төлөөллөөс гадна “Монголын байгаль орчны иргэний зөвлөл” ТББ, “Утааны эсрэг ээж, аавууд” ТББ-ын тэргүүнүүд оролцож, Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр, төлөвлөгөөний хүрээнд хийсэн ажлаа хэлэлцэн, 2018-2019 оны утааны улирал эхэлж байгаатай холбогдуулан цаашид хийх ажлаа тодотгов. Тухайлбал, СХД-ийн 8 хорооны 26340 ойл өрхийн хүрээнд туршилтын бүс байгуулж сайжруулсан түлш хэрэглэх, түлш үйлдвэрлэлийн өнөөгийн нөхцөл байдал, шинээр ашиглалтанд орж буй 200 айл өрхийг хамарсан сервис центр, цахилгааны эх үүсвэрийг нэмэгдүүлж, шугам, сүлжээний аюулгүй байдлыг хангах, төрийн өмчийн барилга, байгууламж болон айл өрхүүдийн хэрэгцээнд утааг багасгах зорилгоор нэвтрүүлж буй индукцэн шүүгчийн техникийн нөхцөл, зорилтот бүлгийг боловсруулсан түлшээр хангах, дулаан алдагдлаа бууруулах, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах зэрэг  чиглэлүүдээр салбарын яам бүрийн хэрэгжүүлж буй ажлуудын талаар тодорхой хэлэлцэж  гэр орныхоо дулааны алдагдлыг бууруулах, гадна, дотор агаарын бохирдлоос иргэд өөрсдийгөө хамгаалах аяныг иргэдийн дунд өрнүүлэх нь зүйтэй гэж Үндэсний хороо үзсэн юм.

 

 

 

 

 

Мөн энэ онд СХД-ийн 43 цэцэрлэгийн бүх ангийг агаар шүүгчээр хангана, УБ хотын хэмжээнд 1200 автобус нийтийн тээвэрт явдаг бөгөөд үүний 1000 автобусанд дизель түлшний шүүлтүүр тавих шаардлагатай, 80 гаруй хувь нь 2021 он гэхэд ашиглалтаас хасагдахаар байгаа, одоогоор 24 автобусанд шүүлтүүрийг туршилтыг журмаар тавьсан байна гэж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч мэдээллээ.

 

 

 

 

 

ЭМЯ-аас хөрс, ус, агаарын чанарын үзүүлэлттэй уялдуулан Нийслэлийн оршин суугчидын дунд амьсгал, цус, гэдэс, хавдар, харшил, хүүхдийн өвчлөлийн чиглэлүүдээр тандалт судалгааны тогтолцоо бий болгож, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх тодорхой арга хэмжээнүүд төлөвлөн хэрэгжүүлж байгаа аж.

Салбар тус бүрдээ бүтээлч гүйцэтгэлтэй, хурдтай ажиллаж ард түмэндээ зөвхөн үнэнийг хэлж төр иргэний нийгмийн түншлэлийн хүрээнд ил тод, нээлттэй хамтарч ажиллахыг Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны даргын зүгээс анхаарууллаа.