“АМЬСГАЛАХ ЭРХ” ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ИНБ-УУДЫН АНХДУГААР УУЛЗАЛТ- ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2018 оны 8-р сарын 30-ны өдөр Европын Холбооны санхүүжилттэй 2018-2019 онд хэрэгжих “Амьсгалах Эрх”– Улаанбаатар хот болон Архангай аймагт агаарын бохирдлын мэдээлэл, үйл ажиллагааны талаарх ил тод байдал болон хариуцлагыг нэмэгдүүлж мэдээллийн хүртээмжтэй системийг бий болгох” төслийн хүрээнд ИНБ-уудын анхдугаар уулзалт боллоо.
Төслийн зорилго нь Монгол Улсын хот, суурин газрын агаарын бохирдлын нөхцөл байдал, агаарын бохирдлыг бууруулахад хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар мэдээллийг хүртээмжтэй болгох, мэдлэг ойлголт өгөх, хяналтын системийг сайжруулж бэхжүүлэх юм. Мөн цаашлаад Иргэний нийгмийг байгууллагуудын (ИНБ) мэдээлэл олж авах болон мониторинг үнэлгээ хийх чадварыг дээшлүүлсэнээр УИХ, хөндлөнгийн хяналт үнэлгээний байгууллагууд, хэвлэл мэдээллийн байгууллагууд ил тод байдлаа баталгаажуулахад ИНБ-ууд чухал нөлөөтэй оролцдог болсон байхыг зорьж байна. Төсөл хэрэгжүүлэгч байгууллагаар Чехийн Пипл Ин Нийд ТББ, Монголын Байгаль Орчны Иргэний Зөвлөл (МБОИЗ), Монголын Хуульч Эмэгтэйчүүдийн Холбоо, Гэр хорооллыг дахин зурагжуулах төв ажиллаж байна. Төсөл 2018 оны 1 сараас 2019 оны 12 сар хүртэл үргэлжлэх бөгөөд нийт 314,500 евроны төсөвтэйгээр хэрэгжинэ.
Дээрх уулзалтанд ИНБ-ын төлөөлөл болсон 15 оролцогчдыг урьж, зохион байгуулагчдын зүгээс “Амьсгалах эрх” төслийг танилцуулан, ИНБ-уудын төлөөлөлтэй агаарын бохирдлын нөхцөл байдлын талаар мэдээлэл солилцлоо. ИНБ-ын төлөөлөл төслийн үйл ажиллагаанд эхнээс нь идэвхтэй оролцохоо илэрхийлж, ард иргэдээс авч байгаа судалгааг илүү бодит мэдээлэл дээр үндэслэн гаргах, агаарын бохирдлыг бууруулахад иргэдийн оролцоо, дадал хандлагыг өөрчлөх бодит арга хэмжээнүүдийг зохион байгуулах, шийдвэр гаргагчдад өөрсдийн санал бодол, зөвлөмжийг хугацаа алдалгүй хүргэж байх зэрэг төсөл илүү үр дүнтэй хэрэгжихэд хэрхэн хувь нэмрээ оруулах талаар санал бодлоо хуваалцлаа.
Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хот болон аймгийн төвүүдэд агаарын бохирдол эрс нэмэгдэж хүн амын эрүүл мэнд цаашлаад улс орны аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж байгаа тул Монгол Улсын Засгийн Газар 2017 онд Агаар орчны бохирдлын үндэсний хөтөлбөрийг боловсруулж баталсан. Энэхүү хөтөлбөр нь ард иргэдэд агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмэр оруулж, агаарын бохирдлын хор хөнөөлийг багасгаж эрүүл мэндээ хамгаалах цогц арга замыг санал болгож, олон үйл ажиллагааг хэрэгжүүүлэх чиг үүргийг өгч байгаа хэдий ч ард иргэд амжилттайгаар даган хэрэгжүүлэхэд ихээхэн бэрхшээлтэй тулгарч байгаа юм. Агаарын бохирдлыг бууруулах, агаарын бохирдлын хор хөнөөлийг буурууулахаар хэрэгжүүлж буй үйл ажиллагааны үр дүнд үнэлгээ дүгнэлт хийх болон зөв заавар чиглүүлэг дутсанаас үүдэн ард иргэдийн эрүүл мэндэд асар их эрсдэл учирсан хэвээр байна. Мөн үүгээр зогсохгүй агаарын бохирдлын мэдээ мэдээлэл болон агаарын бохирдлын хөр хөнөөлийг багасгах арга туршлагын тухай ойлголт түгээмэл биш, өнөөгийн байгаа мэдээлэлд ард иргэдийн итгэл алдарсан нөхцөл байдалтай байна. Энэхүү нөхцөл байдлын улмаас агаарын бохирдлын хор уршиг улам бүр ихэссээр байгаа юм.
Цаашид төслийн хүрээнд Монголын ИНБ-ууд хотын агаарын бохирдлын талаарх бие даасан, үнэн зөв мэдээлэлтэй болж, агаарын бохирдлын хор хөнөөлийг багасгах арга туршлага, агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний талаарх мэдлэг, ойлголттой болно. Мөн агаарын бохирдолтой тэмцэхэд ард иргэд, ИНБ-ууд идэвхтэй оролцдог болж, агаарын бохирдолтой тэмцэх үйл ажиллагаанд зориулах төрийн нөөцийг үр ашигтай ашиглаж байгаа эсэхийг хянахад ИНБ-ууд нь тусалдаг болох, эцэст нь ИНБ-ууд үндэсний хэмжээний платформоор дамжуулж агаарын бохирдолтой тэмцэх арга хэмжээгээрээ чадавхижих үр дүнгүүд гарах юм.