Жил бүрийн 10 дугаар сарын 4-нд Дэлхийн амьтадын эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг.
Анх Германы “Хүн ба ноход” сэтгүүлийн эрхлэгч, зохиолч, нийтлэгч Генрих Циммерман 1925 оны 3-р сарын 25-ны өдөр Берлин хотноо спортын ордонд амьтадын эрхийг хамгаалах өдрийг зохион байгуулахад 5000 хүн оролцсон байна. Хожим нь экологи хамгаалагч гэгээн Франциск Ассизскийн баярын өдөртэй давхцуулан 1929 онд 10-р сарын 4-ны өдөр тэмдэглэжээ. Анх энэхүү баярыг зөвхөн Герман, Австри, Швейцари, Чехословак улсуудад тэмдэглэж байсан бол зохиолч Циммерман энэхүү баярыг Дэлхийн Амьтадын Өдөр болгохын төлөө уйгагүй ажиллаж, хөөцөлдсөний үр дүнд хожим 1931 оны 5-р сард Италийн Флоренц хотын Амьтадын эрхийг хамгаалах конгрессоор тогтоол батлуулан зөвшөөрүүлж чаджээ.
Өнөөдөр Дэлхийн Амьтадын Өдөр нь амьтадын эрхийг хамгаалах хөдөлгөөн болон өрнөж, Английн хандивын Naturewatch Foundation сангийн санаачлагаар 2003 оноос албан ёсоор тэмдэглэх болсон байна.
Энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх гол зорилго нь амьтадын эрхийг хамгаалахад дэлхий нийтээрээ анхаарал хандуулах, бусад орны амьтадын эрх ашгийн төлөөх хөдөлгөөнүүдийн эв саналыг нэгтгэж дэлхий дээр амьтадад ээлтэй сайн сайхан ертөнцийг бий болгоход хамтын хүчийг чиглүүлэх явдал юм. Улс орон бүрт өөрсдийн соёлын онцлогт тохируулан энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг ч амьтадыг хайрлах, тэдгээрийн эрх ашгийг хамгаалах, хүндэтгэх талаар олон нийтийн иргэний боловсрол, мэдлэгийг дээшлүүлэх агуулга нь адил төстэй байдаг.
Манай улсад байгаль цаг уур, газарзүйн олон янз нөхцөлтэй учир дэлхийн амьтаны аймгийн олонх төлөөлөгчид нутаглан амьдардаг байна. Монгол орны амьтны аймагт хөхтөн 138, шувууд 434, загас 75, хоёр нутагтан 6, мөлхөгчид 22 зүйл, дэд зүйл бүртгэгдээд байна. Нугаламгүйтэнээс 13000 зүйл шавьж, бусад зөөлөн биетэн, хорхой, эгэл биетэн амьтад 516 зүйл бүртгэгдээд байна.
Монгол орны амьтны 45 хувь нь уламжлалт ан агнуурын өргөн ач холбогдолтой амьтад юм. Монгол орны уугуул 138 зүйл хөхтөн амьтаныг үнэлсэнээс 16 хувь нь бүс нутгийн хэмжээнд ховордлын ангилалд орсоны 2 хувь нь устаж байгаа, 11 хувь нь устаж болзошгүй, эмзэг ховордож болзошгүй гэсэн ангилалд 6 хувь нь орж байна.
Монгол Улсад тулгараад байгаа байгаль орчинтой холбоотой шийдвэрлэвэл зохих гол асуудлууд нь байгалийн нөөцийн тогтвортой удирдлагын төлөвлөгөө байхгүй байгаа явдал, биологийн болон амьтны төрөл зүйл устаж үгүй болох аюул зэрэг болно. Эдгээр нь хууль бус ан агнуур, амьтан ургамлын амьдарч ургах орчин алдагдах явдал, ой сүйтгэлт, бэлчээрийн талхлалт, уул уурхай, томоохон хэмжээний усан цахилгаан станцын үйл ажиллагаанаас намаг гол мөрөнд үзүүлж буй хохирол, мал аж ахуйг зохисгүй байдлаар эрхэлсний улмаас үүдсэн цөлжилт, бэлчээрийн даац хэтрүүлэлт, хөрсний идэгдэл, уул уурхайн салбарын үйл ажиллагаанаас үүссэн газрын хөрсний талхлалт, усны бохирдол; усны эрэлт хэрэгцээ эрс нэмэгдсэн, хангалттай нийлүүлэлт байхгүй, нүүрсээр ажилладаг цахилгаан станци, ахуйн болон үйлдвэрийн зориулалтаар түлш шатааснаас үүдсэн агаарын бохирдол, аюултай болоод аюулгүй хог хаягдлыг зохих ёсоор зайлуулахгүй байгаа зэрэгтэй шууд холбоотой.