МБОИЗ 10 ЖИЛИЙН ОЙГОО ТЭМДЭГЛЭЖ, ҮНДЭСНИЙ 6-Р ЧУУЛГАНАА ХУРАЛДУУЛЛАА
2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Монголын Байгаль Орчны Иргэний Зөвлөлийн 10 жилийн ой, ТББ-дын ээлжит Үндэсний 6-р чуулган Нийслэлийн Иргэний Танхимд боллоо.
2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 700 гаруй ТББ-уудын төлөөлөл болсон 311 ТББ-ууд, Үндэсний анхдугаар чуулганаа зохион байгуулж сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдэж Монголын байгаль орчны иргэний зөвлөлийг үүсгэж байсан түүхтэй. Байгаль орчны ТББ-уудын Анхдугаар чуулган нь Монголын түүхийн онцлох хуудасны бас нэгэн шинэ эхлэл, иргэний эрх, нийгмийн дэвшил, хөгжил цэцэглэлтийн төлөө хийсэн түүхэн сонголт байлаа. Азид анх удаа иргэний нийгмийн “Ногоон Парламент”-ыг байгуулж, салбарын хууль дүрэм, журмын төслийн хэлэлцүүлэгт оролцдог төдийгүй “урт нэртэй” хуулийг УИХ-аар батлуулж байсан.
10 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээнд УИХ-ын нийгмийн бодлогын зөвлөх Т.Ганди, БОАЖ-ын Н.Цэрэнбат, сайд асан Ц.Адьяасүрэн, БОАЖЯ-ны ТНБДарга Ц.Цэнгэл, Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Оюунсанаа, ОББҮХорооны НБДарга Г.Төмөрчулуун, Нийслэлийн БОАЖГ-ын дарга Э.Баттулга, ПИН олон улсын төслийн удирдагч Марк Тассе болон МБОИЗ-ийн үе үеийн тэргүүнүүд, УЗГишүүд болох 30 гаруй төлөөлөгчид уригдан оролцлоо. Нээлтийн үеэр УИХ-ын даргын илгээлтийг зөвлөх Т.Ганди уншиж танилцуулж, БОАЖ-ын Н.Цэрэнбат мэндчилгээ дэвшүүллээ.
МБОИЗ-ийн ТББ-уудын Үндэсний 6-р чуулганд нийслэл, орон нутгийн ТББ-дын төлөөлөл болсон 130 гаруй төлөөлөгчид оролцлоо. Хоёр жил тутамд нэг удаа эрх барих дээд байгууллага болох Үндэсний чуулганаа хуралдуулж байгууллагын хөгжил төлөвшилд үнэлгээ, дүгнэлт өгч дараагийн зорилгоо тодорхойлон, бүтэц зохион байгуулалтын асуудлаа хэлэлцэж, ёс зүй, дүрмээ өөрчилж ирсэн түүхтэй.
Чуулганаар тус байгууллагын тэргүүн Б.Эрдэнэ, Хяналтын Зөвлөлийн дарга С.Дамдинсүрэн нар МБОИЗ-ийн 2017-2018 оны үйл ажиллагааны тайлан илтгэл тавьлаа.
Чуулганы төлөөлөгчид МБОИЗ-ийн бүтэц зохион байгуулалтыг шинэчлэх ажилд идэвхтэй оролцож, танхимаас нэр дэвшүүлсэнээр нийт гишүүдийн 77 хувийн саналаар байгууллагын тэргүүнээр Б.Эрдэнийг дахин сонгов. 2018-2020 онд ажиллах МБОИЗ-ийн Удирдах Зөвлөл, Хяналтын Зөвлөлийн гишүүдийг шинэчлэн сонголоо.
БАХАРХАХ ТҮҮХ, ОМОГШИХ БҮТЭЭЛ, БҮТЭЭХ ХҮСЭЛ ЭРМЭЛЗЭЛТЭЙ МБОИЗ-ИЙН ЭРХЭМ НИЙТ ГИШҮҮДЭД 10 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ!