2002 онд анх Хөрс Судлалын Олон Улсын Холбооноос (IUSS) Хөрсний Өдрийг тэмдэглэхээр санаачилсан бол 2013 оноос НҮБ-ын Хүнс Хөдөө Аж Ахуйн Байгууллагаас (FAO) жил бүрийн 12 дугаар сарын 5-ны өдрийг Дэлхийн Хөрсний Өдөр болгон албан ёсоор тэмдэглэхээр шийдвэрлэсэн байна. Энэ өдөр хүн төрөлхтөний хувьд хөрс ямар чухал ач холбогдолтой болох, хүн амын хүнсний аюулгүй байдал, экосистемд хэрхэн нөлөөлж байгаад дэлхий нийтийн анхаарлыг хандуулах, олон нийтийн дунд мэдлэг олгох, мэдээлэл түгээх арга хэмжээнүүд, экологийн боловсрол олгох нөлөөллийн ажлуудыг зохион байгуулдаг уламжлалтай.
НҮБ-ын Хүнс Хөдөө Аж Ахуйн Байгууллагаас гаргасан “Дэлхийн хөрсний нөөцийн байдал тайланд нийтэлсэнээр ус, хөрсний идэгдэл, хөрсний шим муудаж, хатуурах зэрэг шалтгааны улмаас дэлхийн хэмжээнд хөрсний байдал хүндрэлтэй болсон байна. Улс орнууд хамт зүтгэж, арга хэмжээ авбал энэ байдлыг тогтоон барьж болно гэж мэргэжилтнүүд цохон тэмдэглэжээ. Тайланд “Өдгөө дэлхийн хэмжээнд олонх газрын хөрсний байдал сайн биш байгаа бөгөөд нөхцөл байдал улам бүр хүндэрч байна. Хужирших, хатуурах, хүчиллэг болох, химийн бохирдол зэргийн нөлөөгөөр дэлхийн хөрс шорооны 33 хувь нь дундаас дээш хэмжээгээр муудсан. Үүнд хамгийн гол хүчин зүйл бол хүн ам болон эдийн засгийн өсөлт, цаг уурын өөрчлөлт юм гэжээ. Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын ерөнхий захирал Хосе Грациано да Силва “Хөдөө аж ахуйн тариаланд ашиглах хөрс шороо улам муудсанаас болж үр тарианы үйлдвэрлэл, аюулгүй байдалд нөлөөлж, улмаар үр тарианы үнэ ханшийн донсолгоо үүсгэж, дэлхийн хэмжээнд хэдэн сая хүн хоол хүнсний хомсдолд орж мэднэ хэмээн илтгэлдээ дурьджээ. Дэлхийн улс орнуудад Хөрсний өдрийг тохиолдуулан зохион байгуулдаг арга хэмжээний тоо жил ирэх тутам өссөн нэмэгдсээр байна. Анх 2002 онд 8 улс оронд 8 арга хэмжээг зохион байгуулж байсан бол 2017 онд 201 саначлагыг 88 оронд хэрэгжүүлсэн нь хөрсний асуудалд дэлхий нийт хэрхэн санаа зовниж байгааг илтгэж байна.
Монгол орны хувьд хүрээлэн байгаа орчны бохирдол, доройтолын явц нь нэгдүгээрт байгаль цаг уурын өөрчлөлт, хуурайшилт, гамшигт үзэгдэлийн улмаас, хоёрдугаарт бүхий л салбарт явагдаж байгаа аж ахуйн үйл ажиллагааны улмаас, гуравдугаарт иргэд, хувь хүний үйл ажиллагаанаас шалтгаалж байгааг эрдэмтэн судлаачид тогтоогоод байна. Уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан хур тунадасны хуваарилалт өөрчлөгдөх, жилд орох хур тунадасны хэмжээ зарим нутагт эрс багасч хууршилт, цөлжилт үүсэх, бэлчээрийн ургамлын нэр төрөл цөөрч, ургац тааруу болох, байгалийн гэнэтийн үзэгдэл, аадар бороо, үерийн улмаас хөрс усанд элэгдэж эвдрэх, ургамлын ургацанд тааламжтай үржил шимтэй давхрага усанд идэгдэж хомсдох зэрэг сөрөг үр дагавраар илэрч байна.
Манай улсын эдийн засгийн салбаруудаас бэлчээрийн мал аж ахуй, автотээвэр, уул уурхайн салбарын үйл ажиллагаа нь хөрс, бэлчээрийн эвдрэл, элэгдэл, доройтолд хүчтэй нөлөөлж байгаа нь өнгөрсөн жилүүдэд хийгдсэн ажиглалт, судалгааны явцад илэрсэн байна.
Хот суурин газруудын төвлөрөл ихсэж, гэр хорооллын эзлэх талбай, автомашины тоо сүүлийн жилүүдэд хурдацтай өсөж, гадаргын хог хаягдал, хөрсний бохирдол ихсэх хандлагатай байна. Улаанбаатар хотын хөрсний хүнд металлын бохирдолтын ерөнхий түвшин дундаж хэмжээнд байгаа бөгөөд хар тугалга, хром, цайрын цэгэн бохирдолт ажиглагдаж байна. Бэлчээрийг эрүүл хөрстэй харьцуулж үзэхэд Улаанбаатар хотын хөрсөн дэх хүнд металлуудын агууламжийг авч үзвэл хромын агууламж 76,3 хувь, хар тугалгынх 71.1 хувь, цайрынх 80,3 хувь, зэсийнх 65,8 хувь, кадмийн агууламж 48,7 хувь, никелийн агууламж 52,6 хувиар тус тус их байна.
Улаанбаатар хотын нянгийн бохирдолтын түвшин 2014 оны байдлаар нийт дээжний 88 хувьд нь нян, хөгц мөөгөнцөр илэрч хөрс нянгаар бохирдсон байна. Гэр хороолол, томоохон зах орчим, хур хогийн цэг орчмын хөрсөнд нянгийн бохирдолт маш их байна. Хотын хүн амын төвлөрөл ихтэй худалдаа үйлчилгээ явуулдаг томоохон төвүүдийн орчимд аммонийн агууламж ихтэй, нийт хөрсний дээжний 72 хувь нь сульфатын бохирдолтой байна. Улаанбаатар хотын хөрсөнд органик гаралтай бохирдол их байгаа нь гэр хороолол, олон нийтийн газрын ахуйн хог хаягдал, шингэн бохирдолтой шууд холбоотой. Хөрсний бохирдол хотын төв хэсэгт харьцангуй бага харин хотын захын гэр хорооллоор ихсэх хандлагатай байна.
Хөрсний бохирдолыг бууруулах чиглэлээр цаашид хөрсний бохирдолыг багасгахын тулд хог хаягдлын менежментийг сайжруулах, гэр хорооллыг багасгах, хог хаягдалтай холбоотой хууль тогтоомжийг амьдралд хэрэгжүүлэх, иргэд олон нийтийн ухамсарыг дээшлүүлэх зэрэг олон талын цогцолбор арга хэмжээг авч хэрэгжүүлэх, Улаанбаатар хот болон бусад суурин газруудын хөрсний бохирдлыг бууруулахын тулд бохирдуулагч эх үүсвэрийг багасгах, арилгах бодлогыг баримтлах, хог хаягдлын менежментийг сайжруулах, газар дээр нь ангилан ялгах, дахин боловсруулах, олон улсад түгээмэл баримталдаг зарчмыг хэрэгжүүлэх, Нийслэлийн ундны усны эх үүсвэрийн ойролцоо байрлах гэр хорооллын хамрах хүрээг багасгах, айл өрхийг цэвэр бохир усны хэсэгчилсэн сүлжээнд холбох, хөрсний бохирдлыг бууруулахад иргэдийн үүрэг, оролцоог нэмэгдүүлэх, сургууль, цэцэрлэгийн сурагчдад багаас нь хог хаягдлыг ил задгай хаяхгүй, орчны бохирдлоос урьдчилан сэргийлэх сургалт, боловсролын цогц бодлого хэрэгжүүлэх, барилгажуулах, инженерийн дэд бүтцэд холбох гэр хорооллын бүсүүдийг тогтоох, уламжлалт гэр хорооллыг байгаль орчинд сөрөг нөлөөгүй хэлбэрээр хөгжүүлэх зэрэг оновчтой шийдлүүдийг олох, хөрсний бохирдолтой тэмцэх үйл ажиллагааг нийт ард иргэдийн өргөн оролцоотойгоор хэрэгжүүлэх шаардлагатай байна. Эх сурвалж : http://eagle.mn/r/44607?fbclid=IwAR3HZKNUXkmC14Lt9WEPQ6je5R7y547jUPvG6A7vm7_JWKio1aXTtO0s9As
Өнөөдөр 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Дэлхийн хөрсний өдрийг тохиолдуулан “Улаанбаатар хотын хөрсний доройтол ба эрүүл ахуй сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг Нийслэлийн Байгаль Орчны Газраас (НБОАЖГ) зохион байгуулж байна. Хэлэлцүүлэгт Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Ниймлэлийн Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Газар, НҮБ-ийн Хүүхдийн сан, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар, БОАЖЯ-ны Азийн Хөгжлийн Банкны төслийн нэгж, Нийслэлийн хог хаягдлын асуудал хариуцсан мэргэжилтэнүүд, Нийслэлийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (НЭМҮТ), төрийн бус байгууллагын төлөөлөл, хөрс судлалын эрдэмтэн судлаачид оролцож байна.