Дэлхийн салхины өдөр

0
1459

2008 онд Дэлхийн Салхины Эрчим Хүчний Зөвлөл болон Европын Салхины Эрчим Хүчний Ассоциаци хамтран санаачилж жил бүрийн 6-р сарын 15-ны өдрийг “Дэлхийн Салхины Өдөр” болгон тэмдэглэдэг болжээ.

 Сэргээгдэх эрчим хүч, тэр дундаа салхины эрчим хүчний тухай ойлголт, мэдээллийг иргэдэд өгөхөд энэ өдрийн зорилго оршдог юм.


2009 оны 6 дугаар сарын 15-нд олон нийтэд зориулсан арга хэмжээг нэгэн зэрэг зохион байгуулжээ. Дэлхийн салхины өдөр нь сэргээгдэх эрчим хүч тэр дундаа салхины эрчим хүчний тухай хүмүүсийн сэтгэлгээг өөрчилж мэдлэг олгох гол чиглэлтэй юм. 2009 онд зохион байгуулсан Салхины өдөр нь салхины эрчим хүчний асар их ашиг тустайг онцлон тэмдэглэсэн, олон зуун мянган хүнийг хамруулсан амжилттай арга хэмжээ болсон байна. Хятадаас эхлээд Чех улс хүртэл албан ёсоор Дэлхийн Салхины Өдөр буюу 6 сарын 15-нд 35 улс оронд 300 гаруй салхины үйл ажиллагаанууд  зохион байгуулагдсан нь салхины эрчим хүчний талаар нааштай “мессеж” хүргэж чаджээ.

Энэ өдөр дэлхийн улс орнуудын төрийн болон төрийн бус байгууллагууд салхин цахилгаан станцын аялал, салхины эрчим хүчний тухай гэрэл зургийн уралдаан, салхин сэнсэн дээрээс шүхрээр буух, салхины эрчим хүчний тухай баримтат кино болон танин мэдэхүйн нэвтрүүлэг зэрэг олон нийтэд зориулсан үйл ажиллагаануудыг зохион байгуулж байна.
 
Монголын Салхины Эрчим Хүчний Ассоциаци нь 2008 онд байгуулагдсан бөгөөд одоогоор Дэлхийн Салхины Эрчим Хүчний Ассоциаци болон Дэлхийн Салхины Эрчим Хүчний Зөвлөлийн гишүүн болон үйл ажиллагаагаа явуулж байна. 
 
Монгол Улсын нутаг дэвсгэрийн 10 гаруй хувь нь олон улсын салхины нөөцийн зэрэглэлээр салхины арвин их нөөцтэй бүсэд хамаарагддаг. Уг нөөцийг ашиглан Монгол Улсад “Клинтек” ХХК, “Сайншанд салхин парк” ХХК, “Ньюком” ХХК зэрэг аж ахуйн нэгжүүд Монгол Улсын төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдон ажиллах зорилготойгоор их чадлын салхин паркийн төслүүдийг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.
 
Салхитын “салхин парк” нь цэвэр эрчим хүч үйлдвэрлэснээр Улаанбаатар хотын агаарын бохирдлыг жилд 3-5 хувиар, цахилгаан станцуудын жилд хэрэглэдэг нүүрсний хэрэглээг 160-190 мянган тонноор бууруулж, цахилгаан үйлдвэрлэхэд зарцуулж буй усны хэрэглээг 1,40-1,90 сая тонноор хэмнэж, нүүрстөрөгчийн давхар исэл (CO2)-ийг 180-200 мянган тонноор багасгах юм байна.

Дэлхийн салхины өдрийн хүрээн МБОИЗ-ийн удирдах зөвлөлийн гишүүн Ч.Хонгорзулын зохион байгуулсан Ногоон мөр аяллын клубын  ээлжит өдөрлөг боллоо. Өдөрлөгт оролцогсдод Хонгорзул салхины тухай маш сонирхолтой мэдээ мэдээлэл түүхүүдийг ярьж , хүүхдүүдээр салхины холбогдолтой зураг зуруулан мөн салхины холбогдолтой дуу шүлгийн нэр хэлж өрсөлдөх зэрэг хөгжилтэй тэмцээн зохион байгууллаа.