МБОИЗ-ийн гишүүн  “Монголын мэргэжлийн анчдын холбоо”ТББ, “Хэрлэн аравт” ТББайгууллагууд нь хүрээлэн буй орчин байгаль ан амьтнаа хамгаалах, байгаль орчин-ан амьтанд учирч буй дарамтыг багасгаж хохирлыг арилгах, байгалийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, ард иргэдэд байгаль-ан амьтнаа хамгаалах талаар өвгөдөөс өвлүүлсэн түүхэн уламжлалыг сэргээн таниулах  зорилготой үйл ажиллагаа явуулдаг юм. Эдгээр байгууллагууд маань энэ зорилгынхоо хүрээнд бусдад үлгэрлэн-хамт олны бүтээл болох ДЭЭДИЙН ДЭЭД ХҮНДЛЭЛ” ЦОГЦОЛБОРЫН ажлыг хийж гүйцэтгэн хүлээлгэж өгчээ.

ДЭЭДИЙН ДЭЭД ХҮНДЛЭЛ” ЦОГЦОЛБОРЫН талаар танилцуулахад:

     Шонхор шувуу : Их Монгол улс, түүний тэргүүнд залагдсан Чингис хааны болон Монголчуудын бэлгэдэл хэмээсэн утга санааг илэрхийлсэн.

     Төрийн дуулал : Төрт улсын албан ёсны хүндэтгэлийн дуу болох төрийн дуулал Чингис хааны үеээс “Эртний сайхан” байжээ. Эцэг өвгөдөөс өвлөгдөн ирсэн энэхүү төрийн дуулалыг мөнхжүүлэх нь эрдэмтэн судлаачид, уран бүтээлч бидний үүрэг юм. ШУАкедемийн түүхийн хүрээлэнгийн номын санд хадгалагдсан түүхийн сурвалж болон , бичгийн хүн Тогообатын Жамьянсүрэнгийн судалгааг үндэслэн цогцолборт мөнхлөв.      

     Овгийн тамга : Чингис хааны овгийн тамга, үр хүүхдүүдийн овог удмынх нь тамгыг Түүхийн ухааны Доктор Бадарчийн Нямаагийн Монгол төрийн түүхийн музейд байрлуулсан Монгол хаадын овгийн тамгуудыг цогцолборт мөнхлөв.

    Чингис хааны хөрөг : 1990 онд зохион байгуулагдсан Монголын нууц товчооны тэмдэглэлт ойд зориулагдсан үзэсгэлэнд тавигдсан Уран барималч Д.Гэрэлийн /Чингис хааны гурвал/ хөрөг бүтээлийн “Идэр нас” –ны хөргийг Төрийн дуулалын гол дунд оршоов. /1996 онд National Geography сэтгүүлийн нүүрэнд анх гарснаас хойш одоог хүртэл олон түмэн ашиглаж байгаа бөгөөд Хэнтий аймгийн Дадал суманд байгуулагдах цогцолборын төслийн логонд хэрэглэгдэж байна/

     Хас тэмдэг : Чингис хааны сэтгэлгээ, үйл ажиллагааны нууцлалыг шингээн хадгалсан зөн бэлгийн бэлгэдэл гэсэн утга санааг илэрхийлсэн

    Дөрвөн зүг, найман зовхис нь Чингис хаан баруун, зүүн, өмнө, хойд гол дөрвөн зүг, баруун урд, баруун хойд, зүүн урд, зүүн хойд зовхист аж төрж буй улс түмэнд мартагдаагүй хэмээсэн утга санааг харуулсан. Академич С.Нарангэрэл нь тус график зургийг 2000 онд ХБНГУ-ын Мюнхений их сургуульд семинарт сууж байхдаа зуржээ. Зохиогч энэ зургаа “Дэлхийн ба Монголын эрх зүйн тогтолцоо” (2001), “Амьд эрх зүй” (2002), “Хуулийн амин сүнс буюу Чингис хаан, Монголчууд” (2018) зэрэг бүтээлийнхээ хавтсанд байршуулж түмэн олонд хүргэсэн байна. Хас тэмдэгээр илэрхийлсэн дөрвөн зүг, найман зовхисын бэлгэдлийг уг цогцолборын үндсэн суурь болгон оршоосон.

Бидний өвөг дээдэс гурван мөрний тэргүүнээс дөрвөн зүг, найман зовхист оршиж буй хүн ардыг Их Монгол улсад нэгтгэн товхинуулсан түүхтэй бөгөөд одоо мөн Дөрвөн зүг, Найман зовхисоос Бурхан Халдун хайрханыг тайж тахихаар ирэх тул дөрвөн зүг, найман зовхист нь идээ будаагаа тавих ширээ, арцаа уугиулах яст мэлхийн сангийн сав байрлуулав.

     Жад : Байлдааны зэвсэг болох жадаар төрийн дуулалыг хамгаалах бэлгэдэл болгон дөрвөн зүг, найман зовхист нь байрлуулж төрийн дуулалаас адис авахаар зориулагдсан дугриг гэрэгэг хийж өгөв. Дугарин гэрэгэнд Чингис хааны айлдвар болох “даяар олныг минь тэнгэр ивээг” гэж нэг талд нь нөгөө талд нь “Чингис хаан” гэж бичсэн болно.

    Гурван хөлт тулга, тахилгын ширээ : Монголчууд бид эрт дээр үеэс Тэнгэр шүтлэгтэн байсан бөгөөд одоо ч тэнгэр шүтлэгтэн, бөө, зайрангууд уул , усаа аргадаж Төрт ёсны тахилга тайллагад оролцож онцгой хувь нэмрээ оруулж байгаа тул галын тахилга хийх гурван хөлт тулга, тахилгын ширээг байрлуулсан болно. /Дэлхийн тэнгэр шүтгэлтний нэгдсэн холбоо болон тус холбооны ерөнхийлөгч Ж.Өсөхбаяр нарын санаачлага оролцоо, санхүүжилтээр тахилгын гурван хөлт тулга, 9 чулуун ширээг байрлуулав/

    Сөргөө : Эрт дээр үеэс Монголчууд сөргөөг хэрэглэхдээ аливаа халдлагыг бүрэн зогсоохын тулд хэрэглэдэг байсан тул хүмүүсийн оюун санаанд нөлөөлж үүнээс цааш нэвтрэх хориотой гэдгийг ойлгуулах зорилгоор Их эзэн Чингис хааны бидэнд захиж үлдээсэн “Гурван мөрний тэргүүн хэн ээ бээр бүү буулгагдхун” “Их хоригийн нутаг” “Биширтүгэй, аюутугай” гэсэн зарлигыг зохиомжлон байрлуулав.


Тухайн цогцолбор нь олон хүний санаачлага хүч хөдөлмөрөөр бүтсэн юм. “ДЭЭДИЙН ДЭЭД ХҮНДЛЭЛ” цогцолборыг САНААЧЛАГЧ:

              Сонгоол овогтой Б.Хашмаргад

              Чимэддоржийн Сосорбарам-Түүхийн ухааны доктор

              Дашцэрэнгийн ГЭРЭЛ – Уран барималч

БҮТЭЭЛИЙН ЭХ ЗОХИОГЧ:

             Боржигин овогт Содовсүрэнгийн НАРАНГЭРЭЛ- Монгол улсын ШУА-ийн гишүүн (академич), Монгол улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, МУИС-ийн профессор, Япон улсын Нагояагийн их сургуулийн хүндэт доктор

            Дашцэрэнгийн ГЭРЭЛ – М.У.Э шагналт Уран барималч

БҮТЭЭЛИЙН ЭХ БЭЛДЭХЭД:

          Тогообатын Жамъянсүрэн- Эртний сайхан төрийн дуулалыг уламжилж ирсэн анхны эх бүтээлийг судалж тэр үеийн монгол бичгээр бичиж цогцолборт мөнхлөв.

ЗӨВЛӨХ:

          Чингис хааны овгийн тамга, үр хүүхдүүдийн овог удмынх нь тамгыг Түүхийн ухааны Доктор ЖАРАН ОВОГТ БАДАРЧИЙН НЯМААГИЙН Монгол төрийн түүхийн музейд байрлах Монгол хаадын овгийн тамгуудыг ашиглан цогцолборт мөнхлөв.

       Хайнзангийн Шагдар – шинжлэх ухааны доктор

       Ж.Базарсүрэн – түүхийн ухааны доктор

       Жүнтэрэлийн Саруулбуян – зураач, зохиолч

      Чимэддоржийн Сосорбарам – түүхийн ухааны доктор Дээрх хүмүүсээс гадна бүтээн байгуулалтад гар бие оролцсон иргэд, ивээн тэтгэгчид, уран бүтээлчид олон бий.

 Тус байгууллагууд “БИД БҮТЭЭВ” уриан дор цогцолбор байгуулах  ажлын хүрээнд нутгийн иргэд, олон нийтийн байгууллагуудтай хамтран Бурхан Халдуны хог хаягдлыг цэвэрлэв.

Гүүрийг цэвэрлэн сэргээн засварлав.

Мөн цогцолборын орчимд гэмтсэн хөрсийг арчлан сэргээн засварлах ажлыг хийхээ ч мартсангүй.