НОГООН ПАРЛАМЕНТЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН БОЛЛОО

Сар бүрийн 25-ны өдөр хуралддаг Ногоон парламентын 10-р сарын хуралдаан өнөөдөр болж “Ойн тухай хууль тогтоомжийн зөрчлийн талаар бодит мэдээлэл өгсөн этгээдэд урамшуулал олгох журам”-ын төслийг хэлэлцлээ.

     Ойн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2-д ойн тухай хууль тогтоомж зөрчсөн тухай үнэн бодит мэдээллийг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд өгсөн, түүнчлэн зөрчлийг илрүүлсэн буюу илрүүлэхэд бодитой туслалцаа үзүүлсэн иргэнд урамшуулал олгохоор, 39.3-д хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэрэг зөрчлийг илрүүлсэн иргэн, эрх бүхий албан тушаалтанд урамшуулал олгохоор, 39.5-д урамшуулал олгох журмыг Сангийн болон Байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална гэж заасан байна.

     Дээрх хуулийн заалтыг хэрэгжүүлэх зорилгоор “Ойн тухай хууль тогтоомжийн зөрчлийн талаар бодит мэдээлэл өгсөн этгээдэд урамшуулал олгох журам”-ын төслийг БОАЖЯ, иргэний нийгэм, төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулан боловсруулсан.

     Журам нь 8 зүйлтэй бөгөөд Ойн тухай хууль тогтоомжийн зөрчлийн талаар бодит мэдээллийг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас авах,  хянан шийдвэрлэх, зөрчил гаргагчид ногдуулсан торгууль, нөхөн төлбөрийн орлогоос урамшуулах зэрэг харилцааг зохицуулсан байна.

     Дээрх журмын төсөлтэй холбогдуулан Ногоон парламентын гишүүн М.Чинзориг, С.Цэндбаатар, С.Амгаланбаатар, Б.Эрдэнэ, Р.Баянбилэг, А.Оюунчимэг, Ч.Азар нараас журмын төсөлд шинээр оруулах, хасах, тодруулах, нэмэлт өөрчлөлт, найруулга хийх зэрэг олон санал гарсан бөгөөд гишүүдийн саналыг МБОИЗ-ийн ажлын алба нэгтгэн БОАЖЯ-д уламжлахаар тогтлоо.