“Амьсгалах эрх” төслийн хүрээнд “Монголын  байгаль орчны иргэний зөвлөл” ТББ, “Пипл Ин Нийд” ТББ, “Гэр иргэдийн оролцоотой амьдрах орчин зураглалын төв” ТББ-ууд хамтран 2019 оны 11-р сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 9-р хороонд байрлаж буй “Агаар, орчны бохирдлыг бууруулах дэвшилтэт техник-технологийн мэдээллийн төв”-д иргэдэд нээлттэй өдөрлөг, хэлэлцүүлэг зохион байгууллаа.

 “Амьсгалах эрх” төсөл нь агаарын бохирдлын тухай мэдээллийн хүртээмжтэй системийг бүрдүүлж, агаарын бохирдлын талаар явуулж буй Засгийн газрын үйл ажиллагааны ил тод хариуцлагатай байдлыг дээшлүүлэх зорилготой юм. Өдөрлөгт хүрэлцэн ирсэн иргэдэд агаарын бохирдлоос эрүүл мэндээ хамгаалах болон агаарын бохирдолтой тэмцэхэд оруулах хувь нэмрийн талаар зөвлөгөө өгч, том хүн, хүүхдийн зориулалттай олон дахин ашиглах амны хаалтыг үнэ төлбөргүй тараалаа. Мөн амны хаалт хэрхэн зөв хэрэглэх талаарх зааварчилгаа гарын авлага, төслөөс хийж буй ажлуудын талаарх номыг иргэдэд өгсөн.

Хэлэлцүүлгийн үеэр Европын холбоо болон АНУ-ын Элчин сайдын санхүүжилттэй хэрэгжиж буй “Амьсгалах эрх” төслийн хүрээнд олон нийтийн дадал хандлагыг өөрчлөхөд нөлөөлөх олон талын оролцоотой хийж буй ажил, үр дүнгийн талаар иргэдийн төлөөлөл болон бодлого хэрэгжүүлэгч нартай нээлттэй ярилцсан.

Мөн тус “Мэдээллийн төв”-өөр дамжуулан гэр хорооллын иргэдэд халаалтийн дэвшилтэт шийдлүүд, ногоон зээл, дулаалгын материал, сайжруулсан зуух-түлшний талаар өдөр тутам үнэ төлбөргүй мэдээлэл өгч, сургалт зохион байгуулан, эрсдэлгүй хэрэглээ-дадал хандлагыг төлөвшүүлэх, нөлөөлөх ажлуудыг зохион байгуулж байна.

Тус арга хэмжээнд БЗД-ийн ЗДТГ-ын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Х.Азжаргал “БЗД-ээс агаарын бохирдолтой тэмцэж буй арга хэмжээ, үр дүн”-ийн талаар, Нийслэлийн хэрэгжүүлэгч агентлаг Агаарын бохирдолтой тэмцэх газрын Ахлах мэргэжилтэн н.Алтангэрэл “Зуух галлах аргачлал”-ын талаар, “Амьсгалах эрх” төслийн менежер н.Оюунгэрэл “Амьсгалах эрх төсөл”-ийн талаар, “Монголын  байгаль орчны иргэний зөвлөл” ТББ-ын Тэргүүн Б.Эрдэнэ “Агаар, орчны бохирдлыг бууруулах дэвшилтэт техник-технологийн мэдээллийн төв”-ийн талаар тус тус илтгэл тавьж, иргэдтэй чөлөөт ярилцлага өрнүүллээ. Арга хэмжээнд БЗД-ийн 2,8,9,10,12,19,21,22,23,27,28-р хороодын хэсгийн ахлагчид, иргэдийн төлөөлөл хүрэлцэн ирж өдөрлөг, хэлэлцүүлэгт идэвхтэй оролцлоо.

Өдөрлөгийн  үеэр “Агаар, орчны бохирдлыг бууруулах дэвшилтэт техник-технологийн мэдээллийн төв”-д “Амьсгалах эрх” зургийн үзэсгэлэн иргэдэд нээлттэй ажиллаж, агаарын бохирдлоос эрүүл мэндээ хэрхэн хамгаалах талаар зөвлөгөө өгсөн.