Хүнсний хог хаягдлыг багасгах олон улсын өдрийг 2017 оноос эхлэн АНУ-д тэмдэглэж иржээ.

2018 оноос дэлхий нийтээр хог хаягдлыг тулгамдсан асуудал болгон энэ талын олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх үүднээс олон улсад энэ өдрийг тэмдэглэх болжээ.

Олон улсын судалгаагаар дэлхийд үйлдвэрлэж буй хүнсний бүтээгдэхүүний 3-ны нэг нь хаягдал болдог байна. Ялангуяа үр тариа, жимс, хүнсний ногооны үйлдвэрлэлийн 45 хувь нь хаягддаг байна. Энэ нь байгаль орчин, эдийн засагт их хэмжээгээр сөрөг нөлөөтэй. Хүрээлэн буй орчинд ялзрал явагдаж метан үүсгэн хүлэмжийн хийг ихэсгэдэг.

Манай улсад 2019 онд нийслэл хотод хийсэн бүтцийн судалгаагаар, зун нийт хог хаягдлын 30 хувь, хүйтний улиралд 20.8 хувийг хүнсний хог хаягдал гарчээ. Орон сууцанд амьдарч буй иргэдийн хог хаягдлын 40, гэр хорооллоос гарч буй хог хаягдлын 30 орчим хувийг хүнсний хог хаягдал эзэлж байна.
Тиймээс хог хаягдлыг багасгахдаа хог хаягдлаа ангилж ялгаж хаяхаас эхэлж ХАА-д малын тэжээл, бордоо болгох зэргээр дахин үйлдвэрлэлд оруулахыг мэргэжилтнүүд зөвлөж байна.

Хүнсний хог хаягдлыг зогсоох өдрөөр хүн төрөлхтнийг зөвхөн шаардлагатай зүйлээ л худалдан авч байхыг уриалж байна. Дэлхийн Хүнсний өдрийг жил бүрийн 10 дугаар сарын 16-нд тэмдэглэдэг бол Хүнсний хог хаягдлыг багасгах өдрийг ийнхүү 4 дүгээр сарын 29-нд тэмдэглэж иржээ.