Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт  өнөөдөр /2020.05.25/ 12.00 цагт буюу 17-р жараны төмөр хулгана жилийн зуны тэргүүн сарын шинийн 3-ны морин цагаас эхлэн улс орон даяар мөрдөгдөж эхэлнэ. 1992 онд баталсан Үндсэн хууль 70 зүйлтэй бөгөөд 2019 оны 11-р сарын 14-ний УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Үндсэн хуулийн 19 зүйл, 30 гаруй хэсэгт өөрчлөлт оруулахыг дэмжин батлаад буй.

  Хариуцлага, хяналт-тэнцэл, тогтвортой байдал гэсэн чиглэл баримтласан уг өөрчлөлтөөр парламентын хариуцлагыг нэмэгдүүлэх, нутгийн захиргааны бие даасан байдлыг бэхжүүлж, Үндсэн хуульд 2000 онд оруулсан долоон өөрчлөлтийг засаж сайжруулж байгалийн баялаг ард түмний мэдэлд байхаар, улс төрийн намууд улсын хэмжээнд бодлого дэвшүүлж ажиллах, үйл ажиллагааны үндсэн зарчим, санхүүгийн эх үүсвэр, зарцуулалт нь ил тод байх, шүүхийг тойргийн зарчмаар байгуулах, бие даасан байдлыг хангах замаар иргэдийн шүүхэд итгэх итгэлийг нэмэгдүүлэх зэрэг зохицуулалтуудыг тусгасан.