“Дэлхийн нүүдлийн шувуудын өдөр”-ийг тэмдэглэлээ

0
611

Нүүдлийн шувуудыг амьдрах орчинтой нь хамт хамгаалах санааг олон нийтэд таниулах зорилготойгоор “Дэлхийн нүүдлийн
шувуудын өдөр”-ийг 2006 оноос хойш тэмдэглэсээр ирсэн билээ.

Энэ жил Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар “Дэлхийн нүүдлийн шувуудын өдөр”-ийг Ховд Их сургууль, Монголын Зэрлэг амьтан судлах, хамгаалах төв, Ховд аймгийн Дөргөн сумын ЕБС-тай хамтран тэмдэглэлээ. Энэ ажлын хүрээнд  олон үйл ажиллагаа зохион байгуулав. “Шувууддаа гэр хийцгээе” арга хэмжээний хүрээнд Ховд хотын 7 сургуулийн экоклубын сурагчидтай хамтран нүүдлийн шувууд олноор амьдардаг ойн бүс болон сургуулиудын хашаанд модоор хийсэн үүрнүүдийг өлгөж байршуулсан байна.  Ингэснээр нүүдлийн шувуудын амьдрал хэрхэн өрнөдөг талаар автомат камерын тусламжтайгаар экоклубын хүрээнд судалгааны ажил хийх боломжтой боллоо.
Мөн “Баруун бүсийн ховор шувууд, хамгаалах шаардлага” сэдэвт Онлайн семинар зохион байгуулсан бөгөөд баруун бүсийн 80 гаруй оролцогчид хамрагдаж, судлаачдын мэдээллийг сонсож, асуулт хариулт өрнүүлж идэвхтэй оролцсон байна. Түүнчлэн Баруун бүсийн ЕБС-ийн байгалийн ухааны багш нарын дунд “ШУВУУД БА АМЬДРАЛ” сэдэвт итгэлийн уралдааныг онлайн хэлбэрээр  зохион байгуулсан. Уралдаанд Ховд, Говь-Алтай аймгуудын ЕБС-ийн багш нараас гадна Ховд их сургуулийн оюутнууд оролцож, мэдээлэл  солилцож, бие биенээсээ туршлага  суралцсан үр өгөөжтэй, ач холбогдолтой арга хэмжээ болсон. Энэхүү үйл ажиллагааг цаашид уламжлал болгон зохион байгуулснаар нүүдлийн шувуудад тулгарч буй нэн шаардлагатай хамгааллын асуудлыг тодорхойлох ач холбогдолтойг хуралд оролцогчид онцолсон.
 “Нүүдлийн шувуудын өдөр”-ийн хүрээнд зохион байгуулагдсан арга хэмжээ, үйл ажиллагаа, Хар ус нуурын шувуудын тухай дүрс бичлэгийг байгууллагын пэйжээр дамжуулан сурталчилсан бөгөөд давхардсан тоогоор нийт 376.000 хүн энэхүү үйл ажиллагааны талаархи мэдээллийг авлаа. Түүнчлэн  #WorldMigratoryBirdDay хаштагийн  туслалцаатайгаар Монголд зохион байгуулагдсан үйл ажиллагаа, дүрс бичлэгийг дэлхийн аль ч улсаас сонирхсон хүн үзэх боломжтой болсон. Хамгийн чухал үр дүн нь судалгаа, шинжилгээний томоохон байгуулага болох Ховд их сургууль энэ чиглэлд цаашдаа хамтран оролцох сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм. Эх сурвалж:mongolia.panda.org