Өнөөдөр; Цөлжилттэй_тэмцэх_Дэлхийн_өдөр тохиож байна.

Энэ өдрөөр Дэлхий нийтээрээ ган, газрын доройтлын эсрэг анхаарлаа хандуулах ёстойг сануулан дуу хоолойгоо нэгтгэн чуулдаг.  Дэлхийн эх газрын 40 гаруй хувь нь доройтолд өртсөн байгаа нь энэ бүс нутагт оршин суудаг 1.5 тэрбум орчим  ард иргэдийн амьжиргаа, эрх тэгш байдлыг бууруулах эдийн засгийн сөрөг үр дагавар ихтэйд  тооцогддогийг БОАЖЯ мэдээлжээ. Иймээс дэлхийн улс орнууд цөлжилттэй тэмцэх, түүний эрчийг сааруулах зорилгоор 1994 онд “Ган цөлжилтөд ноцтой нэрвэгдэж буй орнууд цөлжилттэй тэмцэх тухай” НҮБ-ын конвенцыг баталж, 195 улс орон нэгджээ. Манай улсын хувьд 1996 онд цөлжилттэй тэмцэх конвенцыг соёрхон баталсан эхний 50 улсын нэг юм.

Монгол Улсын Засгийн газар 2010 онд Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөр, 2012 онд Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хуулийг баталж газрын доройтол болон цөлжилттэй тэмцэж байна.

Монгол Улсын хувьд цөлжилт, доройтлыг тодорхойлох судалгааг таван жил тутамд хийж, судалгаануудад үндэслэн  цөлжилтийг бууруулах ажлуудыг хэрэгжүүлж ирсэн.                                   Тус судалгаагаар нийт газар нутгийн 76.9 хувь их, бага хэмжээгээр цөлжилт, доройтолд өртсөн байгаа нь өмнөх 1996 оныхтой харьцуулахад ихээр нэмэгдээгүй ч хээрийн бүс рүү түрж орсон байгааг тогтоосон. Иймээс цөлжилттэй тэмцэх, нөхөн сэргээж ажлыг эрчимжүүлээд байна.  2021 онд Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр гэсэн зургаан аймагт хамгаалалтын зурвас байгуулах ажлыг хийж эхлүүлсэн. Мөн ондоо багтаан нийт 200 орчим га талбайд цөлжилттэй тэмцэх ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөөд байна.

НҮБ-ын Хүрээлэн буй орчны хөтөлбөрийн дагуу дэлхийн хуурай газрын дөрөвний нэг нь цөлжих аюултай тулгараад байна. Үүнд байгалийн хүчин зүйлээс гадна хариуцлагагүй уул уурхай, бэлчээрийн талхагдал хамгийн хүчтэй нөлөө үзүүлж байгааг сүүлийн үеийн судалгаа шинжилгээ харуулах болсон.  Тиймээс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх Конвенцын газраас дэвшүүлсэн 10 жилийн стратегийн зорилттой уялдуулан Монгол Улсын Засгийн газар Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөрөө шинэчлэн хэрэгжүүлж байна.  Тухайлбал, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд-2030”-д цөлжилтөд өртсөн газар нутгийг 10.2  хувиар бууруулахаар тусгасан байна.