Ерөнхийлөгчийн тамгын газрын санаачлагаар зохион байгуулагдаж буй Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулган төрийн ордонд болж байна. Чуулганд МБОИЗ-ийн удирдах зөвлөлийн гишүүд, хяналтын хорооны гишүүд болон гишүүн байгууллагаас 20 гаруй ТББ-уудын төлөөлөл оролцож, нийт 4-н салбар хуралдааны 3-н хуралдаанд үндсэн илтэгчээр оролцож байна.  МБОИЗ-ийн удирдах зөвлөлийн гишүүн, “Хөвсгөл Далай ээж” нийгэмлэгийн тэргүүн, Биологийн ухааны доктор Ж.Оюунмаа 1 дүгээр салбар хуралдаанд “Хөвсгөл нуурын экосистемийн үнэ цэн ба судалгааны төв байгуулах шаардлага” сэдвээр, МБОИЗ-ийн Гүйцэтгэх захирал Т.Цэрэн “Хөвсгөл нуур орчмын газар олголт, даац хэтрэлтээс үүдэлтэй сөрөг нөлөөлөл”сэдвээр 2-р салбар хуралдаанд илтгэл тавилаа.

Хэнтий, Баянхонгор, Хөвсгөл, Дарханы салбар зөвлөлүүдээс зорьж ирж Монгол орныхоо цэвэр усны 70 гаруй хувийг бүрдүүлдэг хамгийн цэнгэг нуураа хамгаалах үйлсэд дуу хоолойгоо хүргэж буйд баяртай байна.

   МБОИЗ-ийн удирдах зөвлөлийн гишүүн, Биологийн ухааны доктор Ж.Оюунмаагийн илтгэлээс товч танилцуулахад:

-Хөвсгөлд судалгаа шинжилгээний төвийг байгуулаад залуу судлаачдыг байгалийн шинжлэлийн нарийн мэргэжлээр дадлагажуулан мэргэшүүлж, Хөвсгөл нуурын экосистемийн хэмжээнд цогц судалгаа хийж, хамгаалалтыг шинжлэх ухаанд тулгуурлан явуулах, гол нь судалгааны үр дүн, мэдээллийг иргэдэд хүртээмжтэй байлгаж, тэднийг мэдлэгжүүлж байвал нуур маань бидний хүссэнээр хамгаалагдах болно гэх мэт саналуудыг илтгэлдээ тусгасан байлаа. Мөн түүний илтгэлийн гол санаа нь “ХӨВСГӨЛ НУУРЫН ОНЦЛОГ БУЮУ ЯАГААД ХАМГААЛАХ ЁСТОЙ” талаар дэлгэрэнгүй судалгааны үндсэн дээр дүгнэлттэйгээр тайлбарласан явдал юм.

  • ХӨВСГӨЛ НУУРЫН ОНЦЛОГ БУЮУ ЯАГААД ХАМГААЛАХ ЁСТОЙ ВЭ?                           Байгаль нуур 50 жилд 1 удаа усаа цэвэршүүлдэг бол Хөвсгөл нуур 500 жилд 1 удаа усаа цэвэршүүлдэг маш эмзэг нуур юм.
  • Хөвсгөлийн уулс нь эртний мөстлөгийн улмаас үүссэн, нуур 4000 гаруй жилийн түүхтэй, дэлхийн хамгийн эртнийхэд тооцогддог
  • Хөвсгөл нуур нь Монгол орны гадаргын цэвэр усны 70, дэлхийн цэвэр усны 1 хувийг бүрдүүлдэг утгаар эко системд онцгой чухал.
  • Хөвсгөлийн уул тайгад манай улсын ойн нөөцийн 24 хувь бий.
  • Хөвсгөл нуур цэвэр усны хэмжээгээр зөвхөн Байгаль нуурын дараа ордог. Эрдэс, давс, органик бодисгүй, уулын горхиных шиг тунгалаг устай нуурын хэдэн арван метрийн гүн дэх загас, чулуу хүртэл ил харагддаг.
  • Монгол орны нийт гол мөрний арван жилийн урсацтай тэнцэх хэмжээний цэвэр цэнгэг усыг Хөвсгөл ай савдаа агуулдаг.
  • 1994 онд Тусгай хамгаалалтын газрын тухай хуулиа баталж газар нутгаа тусгайлан хамгаалж эхэлсэн, харьцангуй “залуу” салбар боловч Богд Хаант засгийн үед, 1778 онд Богдхан уулаа дархалж хамгаалж байсан түүхтэй.
  • Хөвсгөлийн Байгалийн Цогцолборт Газарт Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ, Ринчинлхүмбэ, Ханх, Цагаан-Үүр, Чандмань-Өндөр, Хатгал сумдын нутаг дэвсгэр харъяалагддаг ба Ханх сумын төвийн 98% Тусгай хамгаалалттай газар нутагт харьяалагддаг бол Цагаан-Үүр сумаас хамгийн бага талбай хамрагддаг.
  • Эргэн тойрон өндөр сүрлэг уулсаар хүрээлэгдсэн үзэсгэлэнт энэ нуурын арлуудыг оролцуулахгүйгээр ил гадаргын талбай нь 2760 хавтгай дөрвөлжин км, урт нь 136 км, дундаж өргөн нь 36 км, тунгалагшил нь 24 м байдаг ба Хөвсгөл нуурт 111 гол цутгаж ганц Эгийн гол эх аван урсана.

                   УРГАМЛЫН АЙМАГ

Хөвсгөл орчим төдийгүй Монгол оронд нэн ховор тохиолдох 17 зүйл ургамал, Монголын “Улаан ном”-д орсон 28 зүйл ургамал ургадаг. Монголын улаан номд орсон Вансэмбэрүү, Алтайн сонгино, ванжингарав, Цагаан дэгд, Их, бага саадган цэцэг, Сэрхэн хөхөө цэцэг, Ямаан сэрдэг, цагаан даль, , эмийн бамбай, Алтан тэрэлж, ягаан цээнэ зэрэг нэн ховор болон ховор ургамлын тархацтай.

АМЬТНЫ АЙМАГ

Хөвсгөлийн ай савд бүртгэгдсэн шувууд нь Монгол Улсад бүртгэгдсэн нийт шувуудын 62.4%-ийг бүрдүүлдэг.

Нэн ховор амьтан гэсэн жагсаалтанд орсон 2 зүйл, ховор амьтны жагсаалтанд орсон 10 зүйл, Монгол Улсын Улаан номд орсон 12 зүйл шувуу бүртгэгдсэн. Мөн Нүүдлийн амьтныг хамгаалах олон улсын конвенцоор хамгаалагдах 145 зүйл шувуу бүртгэгдсэн.

Хөвсгөл нуурын ай савд Монголын Улаан номд орсон нэн ховор амьтан болох баданга хүдэр, зэрлэг цаа буга, ховор амьтан болох хүрэн баавгай, халиун буга, янгир ямаа, сибирь хандгай, ойн булга зэрэг хөхтөн амьтад амьдардаг. Мөн умардын халиу, бор гөрөөс, зэрлэг гахай, нохой зээх, Монгол тарвага, чандага, саарал чоно, шар үнэг, хярс, мануул, дорго, зурам, хэрэм, солонго, цагаан үе, өмхий хүрэн, шилүүс, алаг даага зэрэг амьтад тархсан.

Хөвсгөл нууранд цэнгэг усны индикатор болсон 9 зүйлийн загас амьдардаг. Үүнээс агнуурын ач холбогдолтой 6 зүйлийн загас бий.

Хөвсгөл нуурын усанд 69 зүйл планктон амьтан амьдардгаас сэлүүр хөлт хавч 10, салаа сахалт хавч 19, хүрд хорхой 30 зүйл, 15 овогт багтах 200 шахам зүйлийн ёроолын амьтан байна.