УСНЫ АСУУДАЛ БОЛ УЛСЫН АСУУДАЛ

Монгол улсын газар нутгийн 80 гаруй хувь нь доройтолд орж, 76%-ийн цөлжилттэй, манай улсаас гаралтай орон нутгийн иргэдийн аж ахуй амьдралд асар өндөр хохирол учруулдаг шар түйрэн 30 жилийн өмнө 2-9 удаа болдог байсан бол одоо 50 өдөр болж огцом нэмэгдсэн. 1970 онд манай улсын нийт газар нутгийн 60 орчим хувь цэвдэгтэй байсан бол 2015 онд 29.3% болж тасалданги буюу алаг цоог тархалттай болсон. 2019 оны тооллогоор 264 гол мөрөн,704 булаг шанд, 286 нуур тойром, 12 рашаан ширгэсэн бөгөөд жил бүр ширгэсэн гол мөрний тоо нэмэгдэн тухайн орон нутгийн амьжиргаа, эдийн засаг болон хүн амын эрүүл мэндэд шууд сөргөөр нөлөөлсөөр байна.

Монгол Улс цэвэр усны нөөцөөр дэлхийн 145 орноос 22-т жагсдаг бөгөөд усны нөөц багатай улс орны тоонд багтдаг. Монголчууд хэрэглээний усныхаа 80 гаруй хувийг газар доорх усаар хангадаг бөгөөд газрын гүн дэх усны нөөц нь экологийн хувьд эмзэг тогтоцтой, нөхөн сэргэх хугацаа нь хэдэн сая жил үргэлжилж байж сэргээгддэг зэрэг онцлогтой.

Тиймээс усны талаар хэрэгжих боломжтой, асуудлуудыг оновчтой шийдэх бодитой бодлого хөтөлбөр чухал тул 2030 оныг хүртэл баримтлах УННМТөлөвлөгөөний төсөлд ус уух хүн бүрийн санал, оролцоо чухал юм. Энэхүү төлөвлөгөөний төслийн урьдчилсан хэлэлцүүлгийг нээлттэй зарлан МБОИЗ, Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төвтэй хамтран эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүдийг хамруулан зохион байгуулж үнэ цэнтэй олон саналыг хүлээн авлаа.