Нэгдсэн Үндэстний Байгууллагын санаачилгаар жил бүрийн 6 дугаар сарын 5-нд тэмдэглэн өнгөрүүлдэг Дэлхийн байгаль орчны өдөр нь 2022 онд “Цор ганц эх дэлхий” уриан дор зохиогдож байна.

Түүхийг сөхвөл, 1972 онд НҮБ-ын Ерөнхий Ассeмблейн хурлаас жил бүрийн зургаадугаар сарын 5-ныг “Дэлхийн байгаль орчны өдөр” болгон тэмдэглэж байхаар тунхаглан зарлажээ. Үүнээс хойш НҮБ-ын гишүүн орнууд байгаль орчныг хамгаалах талаар дэлхий дахинд зориулсан сурталчилгааны томоохон үйл ажиллагааг жил бүрийн энэ өдөр зохион байгуулсаар ирсэн юм.

НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр нь энэ өдрөөр  дамжуулан байгаль орчны тулгамдсан асуудлуудад  дэлхий нийтийн анхаарлыг хандуулж, байгаль орчноо хамгаалан хайрлах нь хүн бүрийн үүрэг хариуцлага болохыг таниулах, тогтвортой хөгжлийг дэмжих зорилго агуулдаг.

Энэ жил МБОИЗ ТББ, Монголын усны түншлэл ТББ-пд хамтран “Дэлхийн байгаль орчны өдөр”-ийн хүрээнд “ОЙЖУУЛАЛТ БА УСЖУУЛАЛТ” үндэсний зөвлөгөөнийг амжилттай зохион байгуулсан билээ.

МОНГОЛЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛ