Г.ГАЛТАЙХҮҮ: БАЙГАЛИА ХАМГААЛАХ ЁСТОЙ

0
501

Г.Галтайхүү:       “Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур

                              Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ”

Мод яагаад тарих болсон бэ? Байгалиа яагаад хамгаалах болсон бэ? гэдэг асуултыг би өөртөө олон удаа тавьж байлаа.

Манай ээж өнгөрөөд 10 гаруй жил болж байна. Ээжийн чандрыг бид ер нь урт настайгаар нь бодоод шинэс модны дор хийсэн. Тэр модоор дамжиж хэдэн сая сая үр болж манай ээжийн эс нь энэ дэлхийгээр нэг тарах байхаа, буяны замд нь сайн болох байх гэдэг үүднээс би хийж байсан. Түүнээс хойш бид модыг  тарьж эхэлсэн мод байгаль дэлхийд ямар ээлтэй юм, ээжийн минь олон сайхан эс эд  нь өшөө хэдэн сая болж үржээсэй гэж бодсон. 2009 оноос хойш манай Галсан сангийнхан 1 сая мод тарилаа. Бид зөвхөн тарьсан биш цэцэрлэг, сургууль,эмнэлэг олон нийтийн газар гээд бүх газруудад хандивласан. 21 онд нэг сая дахь модоо хандивлаж дууслаа. Тэгээд байгалийг хамгаалах ёстой юм байна. Би итгэдэг ‘хүн бүрийн зүрхэнд байгалиа гэсэн бодол үргэлж байдаг”.

Тэгэхээр хамгийн сайн юм хийе гэвэл байгалиа хамгаалах ёстой, мод тарих ёстой гэж би боддог. Бид  байгалиа хамгаалах гэдэг чинь нөгөө үүднээсээ хүний үндсэн эрх байдаг шүү дээ. “ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ ОРЧИНД АМЬДРАХ” эрх байгаа. Бид өнөөдөр усаа, модоо,  бүгдийг  устгаж  үгүй болгож байна гэдэг бид хүний үндсэн эрхийг зөрчиж байна гэсэн үг. Энийгээ бид хамгаалах ёстой. Миний таньдаг нэг ах байдаг. Цэнгэл сумын Ганболд гэж хүн. Тэр хүн нойтон мод түлэхээс зайлсхийдэг малчин хүн. Яагаад гэвэл нойтон модыг түлбэл миний малд чоно орно, миний мал өвдөнө, миний хүүхдүүдэд өвчин ирнэ гэж боддог.  Монголчууд ийм л байгалийг хамгаалах гүн ухаантай, агуу ухаантай ард түмэн байсан. Үүнийг л цааш нь үргэлжлүүлж явах ёстой байх. Нутгийг шинжвэл усыг шинж, хүнийг шинжвэл найзыг шинж гэж. Тэгэхээр бид усаа, цэвдгээ, ой модоо, энэ байгаа гадаргын усаа, гол мөрөн нуураа бид хамгаалах ёстой. Бид өнөөдөр алт мөнгөөр усыг буцааж олж чадахгүй. Ус бол бидний АМИН Эрдэнэ. Харамсмаар юм их байна, бид 1,5 сая/км2 газар нутагтай юм байж 3-хан сая хүнтэй, гэтэл өнөөдөр хамаг онгон дагшин байгалийнхаа  бүх ус,гол мөрөн, уул, ой  модыг бид сүйтгэж эхэлж байна. Өнөөдөр 80 онд байсан ой модныхоо 50%-г устгачихлаа. Одоо 8 хувь хүрэхгүй ой байна манай Монголын  газар нутгийн. Энэ ой чинь нэгдүгээрт цэвдгээ хамгаална, гол усаа хамгаална, булаг шандыг хамгаална. Энэ бүхнээ бид өнөөдөр юу ч мэдээгүй юм шиг харж суусаар байгаад устгаж байна. Үүнийг бид анхаарах ёстой, санах ёстой. Ингэж байж бид өнөөдөр цааш нь жинхэнэ ногоон сайхан ирээдүй байгаа гэж бодож байгаа. Гол мөрөн гэдэг бидний амин сүнс, бидний биеэр гүйж байгаа судастай л адилхан ийм чухал юм.