1972 онд НҮБ-ын Ерөнхий чуулганаас жил бүрийн 6 сарын 05-ны өдрийг “Дэлхийн байгаль хамгаалах өдөр” болгон тэмдэглэж байхаар тунхагласан билээ. Энэ өдрийг тохиолдуулан НҮБ-ын гишүүн орнууд байгаль орчны тулгамдсан асуудлуудад бодлого боловсруулагчид болон олон нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор нийтэд зориулан төрөл бүрийн үйл ажиллагааг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Энэ өдрийг эх дэлхийгээ хамгаалахад оруулсан хувь нэмрээ тайлагнах, ухамсарлах өдөр болгон тэмдэглэдэг.
2018 оны Дэлхийн байгаль хамгаалах өдрийг “ГЯЛГАР УУТНААС ТАТГАЛЗЪЯ” уриатай өрнүүлж байна. Жил бүрийн байгаль хамгаалах өдрийг тодорхой улс орон ивээн тэтгэж албан ёсны арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн зочин орноор Бүгд Найрамдах Энэтхэг Улс ажиллана. 2018 оны 2-р сарын 19-ны өдөр Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Байгаль орчин, Ой, Уур амьсгалын өөрчлөлтийн сайд, доктор Харш Вардхан ба НҮБ-ын ЕНБДарга, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн дарга Эрик Солхейм нар хамтарч 2018 оны 6-р сарын 5-ны өдрийн зочин орон Бүгд Найрамдах Энэтхэг Улс болохыг албан ёсоор зарласан байна.
Энэ жил Дэлхийн байгаль хамгаалах өдрөөр Монгол Улсын Биологийн олон янз байдлын конвнцид нэгдэн орчны 25 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй Бидний мэдэх Мазаалай фото зургийн үзэсгэлэн гарч байна.
Монгол улс 1992 онд баталсан ардчилсан үндсэн хуулиараа Монгол улсын иргэн эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй гэж заасан байдаг. Хүний эрүүл, аюулгүй орчныг хангах ажлын хүрээнд төрөөс байгаль орчныг хамгаалах талаар бодлого, төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлж иржээ.
1921-1990 оны хугацаанд хэрэгжиж байсан байгаль хамгаалах албан ёсны хуулийн заалтуудыг нэгтгэн улам боловсронгуй болгож 1995 оноос “Байгаль орчныг хамгаалах тухай” тусгай хууль, “Байгалийн ургамлын тухай”, “Байгалийн ургамлыг ашигласны төлөөх төлбөрийн тухай”, “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай” гэх мэт хуулиудыг баталжээ.
Үүний зэрэгцээ дэлхийн улс орнуудын авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, шинэлэг нээлт, нэгдсэн шийдвэртэй хөл нийлүүлэн хөгжих зорилго тавьж олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөж батлагдсан гэрээ, конвенциудыг соёрхон баталж, нэгдэн ороод байна. 1993 оны 9 сарын 30-ны өдөр Биологийн төрөл зүйлийн тухай НҮБ-ын суурь конвенцид Монгол улс анх нэгдэж орсноос хойш одоогоор манай улс байгаль орчны чиглэлийн олон улсын 11 конвенци, 3 протоколыг соёрхон баталж, тэдгээрийн албан ёсны “Тал” болсон байна.