Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад, иргэд,ТББ-ын оролцоотой хийх бүтээлч ажлын хүрээнд МБОИЗ-ийн гишүүн ТББ-дын оролцоотой загвар “Ногоон-хашаа“ бий болгож, иргэдийн дадал хандлагыг өөрчлөх замаар амьдрах орчноо сайжруулах ажлыг дэмжих, сайн туршлага бий болгон, түгээн дэлгэрүүлэх зорилготой жижиг төсөл эхлүүлээд байна.
Энэ төслийн хүрээнд Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах бүсэд орших 10 хашааг МБОИЗ-ийн гишүүн ТББ-уудын саналыг үндэслэн сонгож, гэр хороололд амьдардаг иргэдийн оролцоонд түшиглэн хэрэгжүүлэх загвар “Ногоон хашаа” бий болгох хамтын ажиллагаа эхэллээ.
Төсөлд хамрагдсан хашааг сонгохдоо агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хороололд сүүлийн 5 жил тогтвортой амьдарч ирсэн оршин суугч байх, МБОИЗ-ийн гишүүн, гишүүнчлэлийн татвараа тогтмол төлдөг, хөршүүддээ туршлагаа хуваалцаж, сургалт явуулан манлайлж, ногоон гудамж бий болгоход хувь нэмрээ оруулах хүсэл эрмэлзэлтэй байх зэрэг шалгуур үзүүлэлтүүд дээр тулгуурласан болно.
2018 оны 5-р сарын 24-ны өдөр тус төслийн хүрээнд оролцогч 10 хашааны иргэд эко 00-ын шийдэлтэй танилцаж, нүхэн жорлонгоо сайжруулах сургалтанд хамрагдлаа. МБОИЗ-ийн Удирдах Зөвлөлийн гишүүн доктор Д.Басандорж төслийн сургагч багшийн хувиар 2018 оны 5-р сарын 26-ны өдөр 8 айлын нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, зөвлөгөө өгөн айл бүрт тохирсон шийдлийг хамтарч гаргалаа.
Эко 00-ын үнэ өртгийн хувьд айл тус бүр хүссэнээрээ шийдэх боломжтойгоос гадна МБОИЗ-ын зүгээс санхүүгийн тодорхой дэмжлэг туслалцаа үзүүлж, сургалт, зөвлөгөөгөөр хангах юм.